Хэн худалч вэ

591

Сүүлийн үед хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Хөгжлийн банкны зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан юм байна лээ. Үүний нотлох баримт нотолгоо бий. Харин улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй олгосон зээлийг маш үр дүнтэй төслүүдэд зарцуулсан. Улс орны хөгжил дэвшлийн төлөө ойрын хугацаанд хөрөнгө гаргаж чадахгүй тийм их бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байдаг.

Наад захын жишээ бол Монгол орны алслагдсан бүсэд засмал зам тавьсан. Улаанбаатар хотын гэр хорооллын алслагдсан бүсэд гэрэл цахилгаан, дулаан татсан. Гудамж төсөл хэрэгжүүлсэн. Энэ бүх төсөл хөтөлбөр аймаг, сум, дүүрэг, Монгол Улсын иргэн бүрт үр өгөөжөө өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид, урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгнө” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэгвэл  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны асуудлаар одоо эзэн биегүй ярихгүй. Гол баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргаж авсан. Гол анхаарал татаж буй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэнэ. Үүнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон 3.3 их наяд буюу нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 54 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ямар гэрээ хэлэлцээрээр захиран зарцуулсан гэдгийг баримтын хамт олон түмэнд хүргэх юм.

Хоёрдугаарт, зээлийг аль нэг нам, эвсэл авсан гэж салгахгүй. Үнэхээр Хөгжлийн банкнаас хуулийн дагуу зээл аваад төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байвал мөн л олон нийтэд ил тод болгоно. Учир нь, АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ зурагтаар 580 сая ам.долларын евро бондыг бүгдийг нь сонгуулийн үеийн амлалт 1.5 сая төгрөг, 21 мянган төгрөгөд зарцуулаад дууссан гэж удаа дараа мэдэгдэл хийж байна.

Энэ талаар бид маш тодорхой баримттай хэлсээр байгаа. Хөгжлийн банкинд босгосон 580 сая ам.доллараас тухайн үед эрх барьж байсан Засгийн газар буюу МАН-аас нэг цент ч зарцуулалгүйгээр дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээгээ наймдугаар сарын 27-нд хийж эхэлсэн гэдэг баримт нь байна. Тэгэхээр ийм барин тавин ард түмнийг хуурдаг, улстөрждөг, бие биенээ хардсан, гүжирдсэн энэ байдлыг зогсоох цаг нь болсон” хэмээн мэдэгдээд байна.

Ингэснээр Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа гишүүн хоёрын нэг нь худалч болж таарч байгаа юм. Ямартай ч энэ Б.Пүрэвдорж гишүүн Д.Хаянхярваа гишүүний гарын үсэг зурсан баримтыг ил болгоогүй байгаа юм. Гэвч үнэхээр тийм баримт байгаа бол гаргаж ирэх биз. Тэгэхээр хоёр гишүүний хэн нь худалч вэ гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn