Тавантолгойн шинэ хэлэлцээ, хуучин хэрүүл

379

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монголын Засгийн газар болгоны мөрийн хөтөлбөрт ордог ганц сэдэв. Гэвч, дөрвөн засгийн нүүрийг үзэж буй энэ ордыг эргэлтэд оруулна гэсэн итгэл өнөөдөр ч төрөхгүй байна-

Засгийн газраас байгуулсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй ажлын хэсэг шинэ оны өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд хөрөнгө оруулагчидтай албан ёсны хэлэлцээгээ эхлүүлсэн юм. Монголын эдийн засагт олон жилийн турш хүлээлт үүсгэсэн энэхүү мега төслийг яаравчлах үүднээс өмнөх Засгийн газрын тодруулсан хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээгээ үргэлжлүүлэх болсон тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тайлбарласан бий.

Тиймээс Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сүмитомо” гэсэн гурвалсан нэгдэлтэй шинэ засаг дахин нэг ширээний ард сууж, шинээр хэлэлцээ хийж буй ч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хэлсэнчлэн улс төрийн халуун сэдвээр эргэн тодорсон энэ асуудал одоогоор нам жим байдалд байна.

Ажлын хэсэг, хөрөнгө оруулагчид аль аль нь хүлээлтийн байдалтай, Засгийн газрын төвшинд яригдаж байгаа хувилбараар олборлолт, боруулалтыг хариуцах Тавантолгойн төслий нкомпанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн 51 хувийг “Монголын төмөр зам”, 49 хувийг “Шинхуа Энержи” компанид эзэмшүүлэх тухай асуудал хөндөгдөж буй.

Гэвч, хэлэлцээ дөнгөж эхлэхтэй зэрэгцээд Тавантолгойг тойрсон улс төр дахиад л өдөлж, Төрийн ордон дотор ч, гадна ч гацаагчдын танил сценари давтагдаж байна. Учир нь Ардчилсан намын дарга З.Энхболд шинэ оны өмнөхөн Тавантолгойн асуудлаар мэдэгдэл хийгээд зогсохгүй баярын мэндчилгээндээ ч энэ тухай хөндсөн нь стратегийн гэх энэ ордыг тойрсон их хэрүүл ахиад эхлэв үү гэсэн асуулт тавихад хүргэж буй.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монголын Засгийн газар болгоны мөрийн хөтөлбөрт ордог ганц сэдэв. Гэвч, дөрвөн засгийн нүүрийг үзэж буй энэ ордыг эргэлтэд оруулна гэсэн итгэл өнөөдөр ч төрөхгүй байна.

Мэргэжлийн Засгийн газар УИХ-аар батлуулсан хямралаас гаргах мөрийн хөтөлбөртөө ч, энэ оны улсын төсөвт ч Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаа тусгасан юм. Энэ хүрээнд шинэ хэлэлцээ эхлүүлсэн нь олонхын бүлгийн зарим гишүүд болон сөрөг намынхны эсэргүүцэлтэй тулгараад буй.

Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахаар 2010 онд УИХ-ын 39,40 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Дээрх тогтоолуудын дагуу Тавантолгойг эргэлтэд оруулах ажлын хэсгийг анх Н.Алтанхуяг Сү.Батболдын Засгийн газрын танхимд ажиллаж байхдаа ахалж байв. Анхны тендер 15 оролцогч Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлснээс АНУ-ын “Пибоди Энержи”, Хятадын “Шинхуа Энежри”, ОХУ-ын “Оросын төмөр замын нэгдэл” болон Монгол гэсэн хувилбараар тендерийн ялагчийг тодруулсан ч парламентаар хэлэлцээгүй юм.

Тэгвэл ҮАБЗ-өөс гаргасан тогтоолын дагуу Шийдлийн Засгийн газар Тавантолгойн тендерийн ялагчдыг 2015 онд тодруулсан ч, гэрээг одоо хүртэл үзэглээгүй.

Тавантолгойн гэрээг УИХ-аар одоо болтол хэлэлцээгүй байгаа билээ. Ардчилсан намын үед Тавантолгойг эргэлтэд оруулах хоёр ч хувилбарыг боловсруулсан. Нэг нь М.Энхсайханы боловсруулсан төсөл, нөгөө Л.Эрдэнэчимэг нарын 40 хүний гарын үсэг бүхий УИХ-ын тогтоолын төсөл. Уг хоёр төслийг аль, алийг нь УИХ-аар хэлэлцээгүй. Тиймээс УИХ-д 65 суудалтай М.Энхболдын парламентад оногдсон хоёр даалгаврын нэг нь Тавантолгойн төслийг хөдөлгөх явдал юм.

Ажлын хэсгийнхний зүгээс өгч буй мэдээгээр Монголын Засгийн газар байр сууриа хөрөнгө оруулагчдад танилцуулаад одоо тэднээс ирэх саналыг нь хүлээж байгаа аж. Хөрөнгө оруулагчдаас ирсэн саналыг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэх бөгөөд хоёр тал тохиролцоонд хүрсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэх юм байна. Харин Тавантолгойн төсөлд Дотоодын компаниуд нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, уурхай, уурхайн төлөвлөлт, геологи, тээвэрлэлтийн ажилд туслан гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр хамтрах саналаа илэрхийлээд байгаа аж.

Гэхдээ улс төрийн нам, улстөрчдийн хувийн жижиг сонирхолдТавантолгойн төсөл барьцаалагдах болсон нь олонхын бүлэг төдийгүй Засгийн газрын танхим дотроо Тавантолгой дээр нэгдмэл байр суурьтай байхгүй байна гэсэн ярианаас харагдаж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд шинэ оны өмнө Тавантолгойн төслийг өргөн барьж, цагаан сараас өмнө УИХ-аар хэлэлцүүлээд батлуулна гэсэн “мессеж”-ийг өгч байсан ч хэлэлцээ түр завсарлага авсан нь Тавантолгойг дахиад улс төрийн тоглоом болгож, унагахгүй гэснийх биз. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Тавантолгойг үзэглэж чадахгүй гэсэн яриа ч дэгдэж байна. Үнэн худлыг нь цаг хугацаа харуулах биз ээ.

Ж.ЭРХЭС