“Гудамж”-нд гаргасан хөгжлийн БОНДУУД

706

Цагтаа Монгол Улсын хөгжлийн түчээлэх мөнгөний авдар гэгдэж байсан Хөгжлийн банк шиг муу, муухай байгууллага байхгүй болж хувирав. Засгийн газар нэг хэсэг ноцолдоод эцэслэж чадаагүй тус банкинд хийсэн шалгалтыг саяхнаас УИХ-аас гаргасан Ажлын хэсэг үргэлжлүүлж байна. Энэхүү урт удаан шалгалтын явцад Хөгжлийн банкны асуудал “Улсын нууц”-д хамаарах болсон нь ч олон улсын зээлдэгчдийн чихэнд хүрсэн биз. Ийнхүү нэг нь далдалж, нөгөө нь ил гаргаж буй мэдээллийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр оны өмнө нэг мөр ил гаргана хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан ч сураг алдрах шинжтэй.

Магадгүй, энэ оны эхний долоо хоногт зарлах байх хэмээн Ажлын хэсгийн ахлагч ярьсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас бондын хөрөнгөөс зээл авсан компанийн эздийн нэрийг бүрэн гаргаж дуусгаагүй байгаа талаар учирлажээ. Ингэхдээ Хөгжлийн банкнаас хямд эх үүсвэр татсан 2000 гаруй компанийн эздийг зарлана гэдгээ дахин давтсан юм. Ямартай ч өнөөдрөөр эхний оны долоо хоногийн ажлын өдөр дуусаж байна.

Тиймээс албаны эх сурвалжаас манай сонинд ирүүлсэн мэдээллийг үндэслэн Хөгжлийн банк бондын хөрөнгийг зарцуулах явцад гарсан “хөгтэй” санхүүжилтүүдийг хүргэе.

“ГУДАМЖ” ТӨСӨЛ ХАМГИЙН “НО”-ТОЙ НЬ

УИХ-ын Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр 33 төслийн төсөвт өртөг хэрэгжих явцдаа 3-5993 хувь хүртэл өссөн байна. Нийтдээ гэрээлсэн дүнгээсээ 87 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарч байгаа юм. Эдгээр төсөлд зарцуулсан хөрөнгийг улсын төсөв буюу татвар төлөгчдийн халааснаас Хөгжлийн банкинд эргэн төлөх учиртай. Тухайлбал, итгэхэд бэрх мөнгөн дүн “Эрдэнэ зам” компанитай холбогдож байна. Тус компанийн гүйцэтгэсэн III ДЦС-аас Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын төсөвт өртөг 6000 хувиар огцом нэмэгдсэн байгаа юм. Тус компани анх ажлаа 112 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээлж, эцэст нь Хөгжлийн банкнаас 6.8 тэрбум төгрөгийг гаргуулсан болохыг Ажлын хэсгээс гаргасан баримт бичигт улаанаар тодруулжээ. “Бадрах ойл” компани Моносын уулзвараас Просолиуд компани хүртэлх 2.5 км авто замын ажлыг 300 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 13 орчим тэрбумыг гаргуулсан байна. Энэ ажлын өртөг анхныхаасаа 4158 хувиар өссөн гэсэн үг. Мөн “Авто зам” компани Архангай аймгийн төвд хоёр уулзвар, 1.51 км авто замыг 2.1 тэрбум төгрөгөөр тавихаар гэрээлсэн. Гэвч өртөг нь таван тэрбум болж, 139 хувь өссөн байна. Тэгвэл Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замыг “Монроуд” компани 440 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 1.8 тэрбум болж огцом өссөн. “Монроуд” компани төсөвт өртгөө ийнхүү нэмэгдүүлсэн бол “Наранбулаг хан” компани 1.2 км авто замын өртгийг 800 саяас 4.2 тэрбумаар өсгөсөн нь шалгалтаар илэрчээ. Үүнээс гадна Сонсголонгийн гурван км авто замын ажлыг “Арц суварга” компани нэг тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээлээд 13 орчим тэрбум төгрөг тавьж, төсөвт өртгөө 1154 хувь өсгөжээ. Эдгээр нь зөвхөн авто зам, дэд бүтэцтэй холбоотой зөрчлүүд бөгөед санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулсан гэх мэт холбогдуулан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан С.Мөнхбат, “Гудамж төсөл”-ийг гардан хэрэгжүүлсэн Эдийн хөгжлийн сайд асан Б.Батбаяр нарыг бондын мөнгөтэй холбогдуулан хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Ямартай ч Ажлын хэсгийнхний зүгээс “Гудамж төсөл”-ийг ерөнхийд нь төсөвт өртгөө үндэслэлгүйгээр өссөн хэмээн дүгнэж байгаа аж.

ХӨГЖЛИЙН БАНК ХҮНД БАЙДАЛД ОРСОН НЬ

Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх үеэр Хөгжлийн банк санхүүгийн салбарт томоохон байр суурьтай. Энэ банкийг харлуулж болохгүй хэмээн өмөөрөх гишүүн байна лээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан зөрчлүүдийг дурдах үед УИХ-ын гишүүн л хэлсэн болохоос энэ нь үнэний ортой. Анх улсын хөгжил цэцэглэлтэд санхүүжилт хийх зорилпюр энэ банкийг байгуулсан. Улмаар Монголын төрд байгаагүй их мөнгийг гадаад зах зээлээс татаж чадсан. Гэвч зарцуулагчид нь гарын салаагаараа урсгасан талаар одоо хэлэлцэж байна. Засгийн газрын Ажлын хэсгийнхэн 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн бол УИХ-ын гишүүд гаргасан зээлийнх нь 70-90 хувь чанаргүйдсэн талаар ярилцах болов. Энэ мэтээр хэн нь хэдэн тэрбумыг идсэн талаар хардлагын том тоо шидэлцэх боллоо. Үүнээс харахад, Хөгжлийн банк олгосон зээлээ эргэн олж чадахааргүй болж, хүндхэн байдалд орсон байх нь. Тус банкны нийт актив 6.9 их наяд төгрөг. Үүний 85.20 хувь нь зээл, 3.32 хувь нь арилжааны банкуудад байршуулсан хөрөнгө, 11.26 хувь нь банкны эзэмшиж буй үнэт цаас, үндсэн хөрөнгө. Харин 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй гэх ерөнхий мэдээлэл бий. Гэвч хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 69.6 хувьтай тэнцсэн болохыг Ажлын хэсэг тоггоожээ. Үүн дотроо чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 13.8 хувьд байгаа аж. Уг нь чанаргүй зээлийн хэмжээг 10 хувиас бага байхаар тооцсон байдаг. Мөн хотын төвд хоёр давхар оффиссыг 28 тэрбум төгрөгөөр авсан, бүтцээ хэт данхайлгасан зэргээр зардлаа өсгөсөн зөрчлүүд илэрсэн юм. Хөгжлийн банк 2011 оноос хойш 5.5 их наяд төгрөгийг гурван сувгаар компаниудад зээлдүүлжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 3.2 их наяд, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд, арилжааны банкуудаар дамжуулан 1.2 их наяд төгрөгийг гаргасан байна. Үүний 1.3 их наяд төгрөг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ямар нэг хууль тоггоомжийг зөрчсөн бол 3.8 наяд төгрөг эргэж олдох эсэх нь тодорхой болжээ. Тиймээс оны өмнө тус банкны үндсэн хөрөнгийг нэг наяд төгрөгөөр нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолын төслийг яаран баталсан юм.

1,3 ИХ НАЯДЫН ЗАДАРГАА

Дээр дурдсан 1.3 их наядын зөрчилтэй УИХ-ын Ажлын хэсгийнхэн лавшруулан танилцаж байгаа аж. Хууль хяналтынхан ч анхааралдаа авсан бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгг АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулан шалгахаар болсон. Тэд эдгээр зөрчил дээр анхааран ажиллах бололтой.

Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх ёстой. Гэвч тус банкны санхүүжилтээр байгуулсан дэд бүтцийг худалдан авсан, эсвэл төсөл хэрэгжүүлсэн компанийн хүлээх эрсдэлээ төрд шахсан байна. Тухайлбал, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто замыг төрийн өмчит “Эрдэнэс-Монгол” компанийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Улмаар векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас Хөгжлийн банк 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн байна. Түүнчлэн төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардалд 2.2 тэрбум төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн болохыг Ажлын хэсгийн тайланд дурджээ. Дэд бүтцийн салбарт, “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд гурван сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан аж. Харин Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1.4 сая ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргажээ. Мөн “Эрдэнэс-Тавантолгой″ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж гурван удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон бол Амгалан дулааны станцын ажилд гурван удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон байна. Хөгжлийн банкны тухай хуульд “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврийн чуулганаар батлана” гэж заасан заалт хэрэгжээгүй. Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газрын 160 орчим тогтоол гарсан ба зарим тохиолдолд гүйцэтгэршйг тодорхой дурдан санхүүжилт олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан агуулгатай байжээ. Дээрх шийдвэрүүд нь УИХ-ын эрхэд халдсан, хөрөнгийг үрэлгэн, хуульд заасан зорилгод нийцээгүй үйл ажиллагаанд зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/