Хотын утаа, агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, жагсаал зохион байгуулах санаачилга гаргасан “Утааны эсрэг ээж, аавууд” фэйсбүүк хуудсанд 37 мянга гаруй хүн нэгджээ. Энд маш олон эцэг, эхчүүд утаа арилгах талаар өөрсдийн санал бодлоо солилцож, туршлага хуваалцдаг. Тэдгээрээс онцлон дараах саналуудыг хүргэж байна.
Толгойтын зүүн давааг сэтэлснээр хотын утаа арилна
-Би хотын иргэний хувьд санаа зовж 2004 оноос судалгаа хийж эхэлсэн. Тэгээд хотыг утаанаас салгах хамгийн сайн аргыг бодож олсон. Энэ бол салхины хонгил гаргах юм. Хотын салхины тухай ямар ч цаг уурын байгууллага судлаагүй, мэргэжилтнүүд нь мэдэхгүй байгаа юм. Гэтэл хотын салхи тэр дундаа Улаанбаатарын салхи өвөрмөц. Шөнө нь хөндийгөөр уруудаж салхилдаг. Өглөө нь нар туссан хойно эргээд хөндийгөө өгсөөд салхилдаг. Гэтэл Улаанбаатар гурван мухар хөндийн аман дээр байгаа юм. Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлхийн мухар хөндийд өглөөний утаа нь бүтэн өдөржин хургадаг. Харин шөнийн утаа гурван цаг үргэлжлээд хөөгдсөөр Төв аймгийн Лүн сум ордог юм билээ. Надад салхи хэмжих багаж хэрэгсэл байхгүй учир би зөвхөн салхилж байгаа чигийг нь тогтоож чадсан. Толгойтын зүүн, баруун даваа, Гүнтийн, Хужиртын, Хандгайтын, Шижирийн гээд олон даваа хотод бий. Энэ дундаас салхины хонгил гаргахын тулд Толгойтын зүүн давааг сэтлэх юм. Яагаад гэвэл салхи шууд Баянхошуу руу орно. Өвлийн цагт Рашаантын хөндийд маш их агаар мухардаад цугларч байдаг юм. Жаахан хэсэг нь Сонгинохайрхан уулын наагуур хотод орж ирдэг. Энэ агаарын урсгалыг Толгойтын зүүн салаагаар оруулж ирэх хэрэгтэй байна. Ийм учраас энэ хөтлийг сэтлэх нь чухал. Энэ ганц хөтлийг сэтлэх амархан. Харин Хайлаастыг цаашаа хонгил болгож болно.
Би мэргэжлийн хүмүүстэй хамтарч энэхүү судалгааг хийсэн. 2014 онд Инженерүүдийн зөвлөгөөнөөр энэ судалгаа, төслийг маань хэлэлцээд хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж сайшаасан.
Түүхч, зохиолч М.Тогмид
Сануулга өгөх самбар байршуулъя
-Манай энэ хороон дарга нар юу бодож явдын бол…Ядаж эхний ээлжинд хороо, хэсэг бүртээ гудамжинд жижүүр, сайн дурын баг гаргаж, хүмүүсийг маск зүүхийг сануулах, маск тараах хэрэгтэй байна. Бид хэнэггүй байна. Сонгуулийн хөлтэй самбарууд бий. Тэдгээр самбар дээрээ алхам бүрт сануулга өгч, утааны нөлөө, тоо баримт, мэдээллийг байршуулж, гудамжинд тавих хэрэгтэй байна.
Их, дээд сургуулиудыг хотоос гаргая
Утааны талаарх шийдэлд Улаанбаатар хотын иргэн хүний хувьд өөрийн саналаа хуваалцъя. Мэдээж нэг хэсэг нь эсэргүүцэх л байх, гэхдээ Монголын нийт хүн амын тал хувийнх нь эрүүл мэндийг хангахын тулд төр төмөр нүүр үзүүлэх л хэрэгтэй.
- Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг 1-3 жилийн хугацаатай хязгаарлах.
- Гэр хорооллыг бүсчлэн, цахилгааны дэд станцуудыг нэмж байгуулах. Энэхүү станцыг өргөтгөх боломжтой, Олон улсын стандартын дагуу байгуулах.
- Шөнийн цахилгааны тарифийг тэглэхийн зэрэгцээ сайжруулсан, утаагүй шахмал түлшийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлж, цахилгааны хүртээмж, хүчин чадал муутай, эсвэл тухайн өрх айл Улаанбаатар хотын салхины дээд хэсэгт байрлах гэр хорооллын бүсэд, мөн түүнчлэн шууд цахилгаан халаагуур хэрэглэх боломжгүй айлуудад үнэгүй олгох.
- Гэр хорооллыг илүү тэлэхгүйн тулд тодорхой бүсчлэлд (Хотын салхины урсгал, цэвэр усны ундарга) байрлах, шинээр суурьших айлуудаас албан татвар авах.
- Хотыг тэлэх арга хэмжээг яаралтай авахын тулд хот тойрсон дагуул жижиг хотуудыг ойрын жилүүдэд байгуулж, дэд бүтэцээр хангах
- Их, дээд сургуулиудыг хотоос 1-2 жилийн дотор багтаан гаргах
- Аймаг, сум орон нутгийн хөгжил, дэд бүтцэд дорвитой хөрөнгө оруулалт хийх. Ингэхдээ жил бүр нэг бүсийг сонгон авч, бүс, орон нутагтай хамтран ажиллах
- Улаанбаатар хотын зүрхэнд байрлах ГАНДАН-гийн дэнж дэх гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх.
Энэ мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд уг нь их хугацаа зарцуулахгүй. Гарын үсэг зурж баталдаг хэдэн хүн, зөв менежментээр ТҮ-тэй хамтран ажиллах л хэрэгтэй. Утаа дэндлээ гэхдээ биш, утаанаас салах шийдэл гаргах нь чухал байна.