Ерөнхий сайдын гаргасан агаарын бохирдлын талаар цочмог шийдвэрийг иргэд өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч байна. Өнгөрсөн хугацаанд бид агаарын бохирдлыг бууруулахад 200 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ мөнгийг зүгээр нэг урсгаагүй гэдгээ тайлбарлахын тулд үе үеийн Засгийн газрын гишүүд утааны хор багасч, шингэрч байгаа хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ тэднийг хэлсэн хэлээгүй хүн амын эрүүл мэнд, амьсгалын замын өвчлөлийн тоо буурсан, буураагүйг нь хэлээд өгнө.
Өчигдөр болсон агаарын бохирдлын эсрэг, түүнийг бууруулах гарц хайсан хэлэлцүүлгийн үеэр л гэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Судлаачдын судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолттой холбоотой болох” үзүүлэлтийг танилцуулгадаа дурьдлаа. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарсныг хэлсэн.
Бидний өнгөрүүлсэн цаг хугацаа, өвчлөл шахмал түлш, утаа бага гаргадаг зуух хэрэглээд агаарын бохирдлыг бууруулж чадахгүй гэдгийг батлаад өгөв.
Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайдын агаарын бохирдлын эсрэг баримтлах бодлогод хамгийн оновчтой туссан шийдвэр нь гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх байв. Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая” хэмээн мэдэгдлээ.
Гэхдээ энэ ажил араасаа багагүй асуудлыг дагуулах нь тодорхой. 21.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн тарифыг тэглэхэд хамрагдах гэр хорооллын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар УБЦТС-тэй гэрээ байгуулснаар 146 мянга байгаа аж. Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн мэдэгдсэнээр “Шөнийн тарифыг тэглэхэд одоо үзүүлж буй 50 хувийн хөнгөлөлтийн 3.2 тэрбум төгрөгийн алдагдал дээр нэмж 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна. Тарифыг тэглэснээр эрчим хүсний системд үзүүлэх сөрөг нөлөөлөл гарна. Түгээх сүлжээнд хүндрэл үүсэх магадлал өндөр учраас галын аюулаас урьдчилан сэргийлсэн нийтэд чиглэсэн арга хэмжээ авах, хяналтын тогтолцоог сайжруулах, бүтэц орон тоог нэмэх ажлууд хийгдэнэ. Үнэгүй юм гээд хязгааргүй хэрэглэх ойлголт огт байж болохгүй” гэнэ.
Үнэхээр эрчим хүч түгээлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь чухал. Яндан байгаа нөхцөлд утаа байх нь тодорхой болохоор бид хэрэвзээ гэр хорооллын шөнийн тарифыг тэглэх гэж буй бол шөнөөр нүүрс түлэхийг хориглох арга хэмжээ авч байж энэ ажил үр дүнтэй болно.
Эхний ээлжинд цахилгааны хүчдэл хүрэхгүй, гал гарахаас эхлээд олон асуудал гарах нь тодорхой. Гэхдээ бид агаарын бохирдлоосоо сална гэвэл энэ арга зам өнөөдөртөө хамгийн бодит боломж. Тиймээс давхар шаардлага тавих нь зайлшгүй. Цахилгааных нь тарифыг тэглэж буй бол нүүрс түлэхийг хориглох шийдвэрийг яагаад гаргаж болохгүй гэж. Иргэдийн хувьд энд асуудал үүсэх нь юу л бол. Нүүрсэнд зарцуулдаг мөнгөө цахилгаан халаагуурт зарцуулж болно. Дээр нь дахин төлөвлөлтөнд оруулах гээд буюу газрууддаа шөнийн тарифыг тэглэхгүй байвал яасан юм бэ? Хэрэвзээ ингэж чадвал иргэд зах зээлийнхээ хуулиар шөнийн тариф үйлчилдэг газар бараадахыг бодно. Орон сууц гэхээсээ илүүтэй цэвэр, бохир усаа шийдэж, цахилгаан халаагууртай тохилог байшиндаа тогны мөнгө төлөхгүйгээр амьдрахыг тэмүүлэхийг бодно шүү дээ.
Тиймээс л гэр хорооллын шөнийн тарифыг тэглэхээс гадна хэсэг хугацааны дараа нүүрс түлхийг хориглох, түлсэн тохиолдолд торгууль ногдуулдаг систем бий болговол яасан юм бэ?
Үүнийг эсэргүүцээд байх хүн төдийлөн олдохгүй л болов уу? Тэр цагт уян хатан нөхцөлтэйгөөр зуух бус найдвартай цахилгаан халаагуурыг зээлээр олгож яагаад болохгүй гэж. Үүнийг төр ч биш банкнууд хэрэгжүүлчих юм биш үү?
Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг. Ерөнхий сайд ямартай ч зоригтой шийдвэр гаргалаа. Үүнийхээ үр дүнг үзэх нь хамгийн чухал. Тиймээс яваандаа айл, өрхийг нүүрс түлхийг хориглоё.
Л.ХАЛИУ