П.Анужин: Хүн муулж муучиллаа гээд тэр хүн нь муухай харагддаг гэж ”гэнэн” бодох нь дийлэнх

1799

“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэгийг гадаад найз залуутай хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнөөд байгаа билээ. Тэгвэл “Монгол тулгатны зуун эрхэм”-н хөтлөгч П.Анужин энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Хувь хийгээд хувьсгалын хэрэг”-ийг ялгагтун! Өнөө сайхан бүсгүйгээ гадаад залуутайд нь жигшиж, амжилт бүгдийг нь хувийн хэрэгтэй нь хутгаж эхэлжээ. Энэ сайхан бүсгүй гадаад найз залуутай байх нь өөрөөр хэлбэл хувийн амьдралдаа ямар сонголт хийх нь хэнд цаашлаад нийгэмд ямар гай тариад байгаа юм бол? Эх оронч үзэл бол энэ бие хэнтэй хаана байх орон зайгаар хэмжигдэхгүй. Энэ бол цээжинд орших чин зүрх сэтгэл. Ярьж бичнэ гэдэг нь тухайн хүний сэтгэхүйн цараа буюу агуулга гэж боддог. Өөрт хэтэрхий хүртээлгүй сэдвээр байнга оролдож, байнга чалчин маргагсад өөрийгөө хэн бэ гэдгээ л байнга илтгэж байдаг. Бусдыг балбан доромжлогсдын олонхыг өөрийг нь үзвээс гэрийн хийгээд биеийн хирээ ч угаадаггүй нэгэн байх нь олонтаа. Хүн муулж муучиллаа гээд тэр хүн нь муухай харагддаг гэж “гэнэн” бодох нь дийлэнх. Үгүй шүү дээ, өөрийгөө л юу сэтгэж, ямар түвшинд амьдраад явна гэдгээ л тайлбаргүй харуулахаас хэтэрдэггүй.
А.Баярцэцэг гоо сайхны ертөнцөд Монголоо мандуулаад ирлээ! Хувьсгалын хэрэг нь энэ юм! Өөрөөр хэлбэл, бидэнд хүртээлтэй хэсэг нь энэ л дээ! Зүрх сэтгэл нь яаж цохих, яаж инээж дуулах, яаж амьсгалах энэ бүгд бол энэхүү сайхан бүсгүйн хувийн өмч!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.