Ерөнхийлөгчийн захирамжтай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ‘Монгол ардын намыг тараах тухай’ захирамж гаргаснаа мэдэгдэж, өөрийн биеэр уншин танилцуулсан. Тэрээр МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн гэх 7 үндэслэлийг дурдсан захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. /Ерөнхийлөгчийн Захирамжийг ЭНД дарж уншина уу/
Үүний хариуд МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая мэдээлэл хийж, мэдэгдэл гаргалаа.
Тэд мэдэгдэлдээ:
‘Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа.
Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна.
Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхлоор хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм.
Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улс төрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа. Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Төрийн тэргүүний үүргээ биелүүлж, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хуульд захирагдаж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна’ гэжээ.
МАН-ын мэдэгдлийг дүрс бичлэгээр болон бүрэн эхээр нь хүргэж байна.