С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа дүүдээ хилс хэрэг үүрүүлэн эрүүдэн шүүж ялласныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болголоо.
Т.Чимгээгийн ярьж байснаар, Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуудын Ерөнхий газрынхан хамжигчаар шалгаж байжээ. Харин гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулсан гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шалгаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн хавтаст хэрэгт нь бичсэн байдаг аж. Гэвч энэхүү хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг 20 жилээр яллан бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь С.Зоригийн гэх энэ хэргийг нууцлалаас гаргахгүй байх шалтгаан байсан байх хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тухайн үед “Э.Бат-үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” хэмээн үзэж 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу улс төрийн зорилгоор аллага хийх гэсэн гэмт хэрэгт 2016 оны есдүгээр сард яллагдагчаар татсан байдаг аж.
Э.Бат-Үүл нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор Батжаргал гэж хэн бэ?
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Батжаргал хэдхэн хоногийн дараа Э.Бат-Үүлийг “…. гэмт хэрэг үйлдсэн болох нь ХАНГАЛТТАЙ нотлогдохгүй байна” гэсэн тэмдэглэгээтэйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгожээ.
Ийнхүү С.Зоригийн гэх хэргийн хамтрагч, хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй хэрэгсэхгүй болгосон атлаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ялласан нь хилс хэрэг хэмээн үзэж буйгаа хэллээ. Хамтрагч, хамжигч, зохион байгуулагч нарынх нь хэргийг нотолж чадаагүй. Тэгсэн атлаа сэжигтэн Т.Чимгээ Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж ялласан нь шударга уу хэмээн Т.Чимгээгийн ах Хүрэлбат хариулт нэхлээ.