Саяхан Леваны нийслэл Бейрут хотын усан боомтын агуулахад хадгалж байсан химийн бодис дэлбэрч асар их хор хохирол учруулсан нь дэлхийн улс орнуудад том сануулга сургамж боллоо.
Судалгаанаас үзвэл манай улсад 430 гаруй төрлийн химийн бодис импортолж, ашиглах тусгай зөвшөөрөлтэй 300 орчим, тэсэрч дэлбэрэх 13 нэр төрлийн бодис оруулж ирдэг 7 аж ахуйн нэгж байна. Тэд эдгээр аюултай ачаагаа төмөр замаар тээвэрлэн Толгойт, Хонхор өртөөдөд буулган хадгалж, сэлгүүлэн ачилт хийдэг. Уул уурхай болон бусад салбарт ашигладаг шатах, дэлбэрэх, уусгах бодисыг нийслэлийн хүн ам шигүү суурьшсан бүсэд хадгалах нь аюултайгаас гадна олон улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд харш зүйл. Иймд аюултай ачаа буюу нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий зэргийг нийслэл рүү оруулахгүйгээр хотын хоёр захад гаргахыг үе үеийн нийслэл хотын удирдлага, гааль, татвар, мэргэжлийн хяналтынхан дэмжиж ирсэн байдаг.
2014 оны НИТХ-ын тогтоолоор Нийслэл хотын нутаг дэвсгэрт аюултай ачааг нэвтрүүлэх, тээвэрлэхийг 2020 оноос эхлэн хориглох тухай шийдвэр гарсан. Харин энэ төрлийн ачаа импортлогч, борлуулагч компаниудын зүгээс бэлтгэл ажлыг бүрэн хангаж амжаагүй тул тогтоол хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах тухай хүсэлт тавьсны дагуу 2025 оноос эхлэн хориглохоор хугацааг сунгасан. Өөрөөр хэлбэл алсдаа эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нийслэл хотын нутаг дэвсгэрээс гарч, импортоор оруулж ирсэн аюултай ачааг УБТЗ-ын Аршаант, Багахангай өртөөнд буулгаж, ачиж, хадгалж байхаар төлөвлөсөн байдаг.
НИТХ-ын тогтоол болон ачаа тээврийн өсөлттэй уялдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН Аршаант өртөөг өргөтгөж, ачаа хүлээн авах, боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлээд байна. 2015 онд өртөөний 3, 4-р замуудыг уртасгаж, 2019 оны 10-р сард Аршаант өртөөнд 2 зам нэмж барьжээ. Хүний гар ажиллагаа ихээр шаарддаг байсан өртөөний хуучин дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системийг орчин үеийн автомат системээр сольж, улсын баяр наадмын өмнөхөн ашиглалтанд оруулсан байна. Үүний үр дүнд Толгойт өртөөнд буудаг нефть, нефтийн бүтээгдэхүүний ачааллыг 15,4 хувиар бууруулж, Аршаант өртөө рүү шилжүүлсэн байна. Нийслэл хотын баруун захад оршдог Толгойт өртөөнд УБТЗ-аар тээвэрлэж ирсэн нефть, нефтийн бүтээндэхүүний 90 хувийг буулгадаг юм. Толгойт өртөөний ачааллыг бууруулж Аршаант өртөө рүү шилжүүлэх ажил улам эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Аршаант өртөөний өнгөрсөн жилийн буулгалт 3 жилийн өмнөхөөсөө 2 дахин нэмэгджээ.