МАН УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор өнөөдөр нээлээ.
Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Зарим нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж буй учир ирж чадаагүй байна.
Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх “Бид УИХ-аа байгуулах хариуцлагатай үед зогсож байна. шударга ёсны төлөө тууштай тэмцдэг, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд байхаа 3 жилийн өмнө хэлж байсан. Би энэ зорилгоосоо огт буцаагүй. 2016 онд Монгол Улс дэлхий нийтэд дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн байлаа. Ийм хүнд нөхцөл байдлаас гарч, эдийн засгийн уналтыг зогсоож, гадаад өрийг хэрхэн дарах, нийгэмд шударга ёсыг тогтоох олон арван тулгамдсан асуудалтай нүүр тулж байсан.
Тэгвэл өнөөдөр шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд сахилга, хариуцлага тогтоох, төсөв санхүүгийн хатуу бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 6 дахин нэмэгдлээ. Өнгөрсөн хугацаанд 8.5 их наяд төгрөгийн өрийг дарж, уул уурхайн орлогоосоо хойч үедээ өвлүүлэх 1.2 их наяд төгрөгийн хуримтлалыг Ирээдүйн өв санд бий болголоо. Улсын эдийн засаг өндийж байна. Гадаад валютын нөөц 4 дахин нэмэгдлээ.
Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн бизнес эрхлэгч, татвар төлөгчиддөө талархал илэрхийлье. Монгол төр цаашид ажлын байр бий болгож, төрийн хуулийг хүндэтгэн ажиллаж буй бизнес эрхлэгчдээ дэмжих болно. Манай Засгийн газар өнгөрсөн хугацаанд газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нисэх буудал, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, автозам, хурдны зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, амжилттэй үргэлжлүүлж байна.
Мөн 30 жил яригдсан ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил ч эхэллээ. Өнгөрсөн хугацанад манай Засгийн газар ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгч, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Төв номын санг шинээр байгуулах ажлыг эхлүүллээ.
Цаашид энэ бүх бодлогоо үргэлжлүүлэх үүднээс Соёлын яам байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Нийгмийн хамгааллын чиглэлээр ажиллаж, тэтгэвэр тэтгэмж нэмж, алдагдсан байсан Салхитын ордыг улсдаа эргүүлэн авч, эдийн засгийн эргэлтэд оруулан, эх орныхоо зүтгэсэн азай буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэлээ. Сүүлийн 20 жил улс төржиж хийрхсэн Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж чадлаа. Энэ жил сайн түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нийслэлийн утааг ирэх жилүүдэд 80-90 хувь бууруулах болно. Мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах ажлыг эхлүүлнэ. Нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлтэй бид тэмцэж байна. Энэ тэмцлийг манай иргэд уухайлан дэмжиж, тэсгим хүйтэнд Их жанжны талбайд цугласныг бид санаж байгаа. Энэ удаагийн сонгууль амаргүй цаг үед болж байна. Бид дэлхий нийтийг айлган түгшээж буй коронавирусийг дотооддоо тархаахгүй барьж чадсан цөөн улсын нэг боллоо. Энэ ажлыг зохион байгуулсан эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчиддаа, ард иргэддээ талархал илэрхийлье. Ирэх 4 жил бол бидний хувьд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлаа дуусгасан, алдаа дутагдлаа зассан, амжилтаа бататгасан, эдийн засгаа өсгөсөн, ажлын байрыг нэмсэн сэргэлтийн он жилүүд байх болно. Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад надад цаг хугацаа, ард түмний минь өргөн дэмжлэг хэрэгтэй байна. Бид Монгол төрийг тогтвортой, хариуцлагатай, өндөр зүйтэй байх үүргийг хариуцлагатай биелүүлэхээ ард түмэн, эх орныхоо өмнө амлаж байна” хэмээсэн юм.