Амны хаалт халдвар дамжуулах эрсдэлтэй учир ил задгай хаяхгүй байхыг зөвлөлөө

244

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “24 цагийн 119 дугаарт ирсэн дуудлагын дагуу 154 дуудлагад зөвлөмж зөвлөгөө өгсөн. Дуудлага өгсөн хүмүүсийн ихэнх нь коронавирусийн үед ямар дэглэм барих, дэлхий дахинд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг авчээ. Гадаадад байгаа иргэддээ мэдээллийг түргэн шуурхай хүргэхийн тулд 119 аппликейшн ажиллуулж байна. Гадаадын таван улсаас 26 дуудлагыг уг аппликейшний тусламжтайгаар хүлээн авсан. Тодруулбал АНУ-аас гурав, Шведээс дөрөв, ОХУ-аас хоёр, Австрали улсаас гурав, Япон улсаас Монголын нэг иргэн утасдаж коронавирусийн халдварын клиникийн шинж тэмдэг, эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан” гэв.

Түүнчлэн иргэд, олон нийт хэрэглэсэн амны хаалтаа гадуур ил задгай хаях тохиолдол их гарч байгаа талаар анхаарууллаа. Амны хаалтыг ил задгай хаяснаар орчныг бохирдуулах улмаар халдвар дамжуулах эрсдэлтэй аж. Иймээс амны хаалтаа ил задгай хаяхгүй байх, хоёр талын бүчнээс нь аваад сайтар эвхэж, гялгар уутанд хийж, тагтай хогийн саванд хаяхыг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.