краин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын Үндэсний Шинэчлэлийн Зөвлөлийн даргын албан тушаалд Гүржийн ерөнхийлөгч асан Михайл Саакашвилигийн нэрийг дэвшүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
2014 онд байгуулагдсан зөвлөл нь Украин улсын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, шинэчлэлийг удирдах чиг үүрэгтэй байгууллага юм.
Одоо 52 настай Саакашвили 2004-өөс 2013 онд Гүрж улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 2018 оны нэгдүгээр сард Гүржийн шүүх нэгэн банкирын аллагыг нуун дарагдуулсан хэрэгт түүнийг буруутган гурван жил шоронд хорих эчнээ ял оноож байв.
2018 оны зургаадугаар сард болсон өөр нэг шүүх хурлаар Саакашвилиг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж, зургаан жилийн хорих ялыг мөн эчнээ оноож байжээ.
Саакашвили дээрх ялуудыг улс төрийн явуулга хэмээн няцааж байгаа.
Эх орондоо гэмт хэрэгтэн болсон тэрээр Украины иргэн болж, 2015-2016 онд тус улсын Одесса мужийн захирагчаар ажилласан юм. Гэвч тэр тухайн үеийн Украины ерөнхийлөгч Петро Порошенког авлига авсан гэж шүүмжилснийхээ хариуд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, иргэний харьяаллаа цуцлуулсан байна.
Харин өнгөрсөн онд сонгогдсон ерөнхийлөгч Зеленский иргэний харьяаллыг нь сэргээж, Украинд эргэж ирэх боломжийг Саакашвилид олгосон юм.
Одоо Саакашвилигийн шинэ албан тушаалын томилгоог Украины парламент хэлэлцээд батлах ёстой. Гүрж улс энэхүү томилгоог эсэргүүцэж, Киев хот дахь элчин сайдаа эгүүлэн татахаа Украины засгийн газарт мэдэгдээд байна.
Эх сурвалж: Reuters