Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 6-нд дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Хуралдаанаар
- УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”,
- 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”,
- мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа.
Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан учир нэр дэвших эрхгүй болох нөхцөл үүсч магадгүй байна.
Эргэн сануулахад МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 болон 2016 онд УИХ-ын сонгууль, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэрээ дэвшүүлж байсан ч хоёр удаад нь ялын хугацаа дуусаагүй хэмээн эрхээ хасуулж байсан.