Ирэх зургаадугаар сард монголчууд ажлын гурван өдөр амрах нь. Үүнд:
2020 оны зургаадугаар сарын 1 /Даваа гараг/
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр.
2020 оны зургаадугаар сарын 5 /Баасан гараг/
Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н.
2020 оны зургаадугаар сарын 24 /Лхагва гараг/
УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.6-д Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, 4.1.10-д Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж заасан байдаг.
“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлдэг.
Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нд нийтээр амрах тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ жил шинийн 15-н зургаадугаар сарын 5-нд тохиохыг хуанлид тэмдэглэжээ. Шинэ хуулийн дагуу бид анх удаагаа амрах гэж байна.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан тул зургаадугаар сарын 24-нд бүх нийтээрээ амарч, саналаа өгөх юм.