Шашныг төрийн албатай хольж хутгасан цагдаа нар шийтгэл хүлээв

1058

Өчигдөр (2018.07.03) Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав  Б/476 тоот тушаал гаргаж, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.
Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцсон үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байна.
Хурандаа С.Баатаржав бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийн дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байх зэрэг хуулийн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг үүрэг болгожээ.