С.Баяр: Надад ямар нэгэн оффшор данс байхгүй

912

dornodimg-49

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр нэр дэвшигч С.Баяр “Надад ямар нэгэн оффшор данс байхгүй” хэмээн мэдэгдэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Улстөрч хүн ямар нэгэн оффшор данстай байхыг буруу гэж боддог. Гэхдээ хувь хүний бодол гэдэг нэг асуудал. Хуулийн зохицуулалт ямар байгаа юм бол. Тэрний дагуу би амьдарч ирсэн. Тэр дагуу би амьдарна. Оффшор данстай холбоотой асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн тайлбарыг хийж байв.
Мөн үеэр нэр дэвшигч тус бүрээр томилогдсоныхоо дараа ямар ажил хийхээр төлөвлөж байгааг товч байдлаар хэлсэн. Энэ үеэр нэр дэвшигч С.Баяр, “Гишүүний хувиар ч Ерөнхий сайдын хувиар ч хэлэх үгээ энэ танхимд хэлж байсан. Юу хийхээ бодож байгаа. Улсаа төлөөлөх Элчин сайдын хувьд үг хэлж байгаа тул өмнөхөөсөө ямар нэг зааг байгаа гэдгээ ухамсарлаж байна.
Оюутолгойн гэрээг би байгуулсан юм биш. Зүтгүүлсээр байгаад байгуулсан. Гэхдээ өнөөдөр 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт үйлдвэр, 4 жилийн өмнө байгуулсан Оюутолгой төсөл улсын эдийн засгийг авч явж байгаа шүү. Оюутолгой төсөл Монголоос нэг ч төгрөг гаргаагүй,  1,8 их наяд төгрөгийг төсөвт хуримтлуулсан. Төслийн гэрээг сайжруулах асуудал нь УИХ, Засгийн газарт нээлттэй байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Монголын төрөөс 1 ам.доллар гарвал С.Баяр тантай асуудлыг дахиад ярих цаг хугацаа байгаа шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Оюутолгойн гэрээ Монголд ашигтай юу гэвэл огт үгүй. Монголоос нэг ч төгрөгийн зардал гаргаагүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хөрөнгө оруулалт хийх болгонд улсын өр нэмэгдэж байна. Ашиг авах хугацаа улам хойшилж байна.
Манай талд ноогдох 34 хувьдаа нийцэх ноогдол ашгаа аваад, 15 жилийн дараагаас хөрөнгө оруулалтын зардлаа төлж эхлэвэл зөв гэрээ болох байсан” гэсэн эсрэг байр суурьтай байгаагаа хэлж байлаа.

Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг