УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлжээ. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. Орос, англи хэлтэй. Ажиллаж, хөдөлмөрлөсөн байдлыг нь танилцуулбал, 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ. УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн гишүүнд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байна.