ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ханой хотноо ажиллав

417
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 5 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийв. Тус ажлын айлчлалын зорилго нь Вьетнам Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлага судлахаас гадна Вьетнамын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох манай зорилтыг бодит ажил хэрэг болгон урагшлуулахад чиглэгдсэн болно.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас тус тус төлөөлөл оролцов.
Ажлын айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд бөгөөд Вьетнамын чөлөөт худалдааны хэлэлцээрийн яриа хэлэлцээний үндэсний багийн ахлагч Чан Куок Кхань-тай уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд, чөлөөт худалдааны хэлэлцээр хийх явцад анхаарах зарим асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов. Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яамны чөлөөт худалдааны хэлэлцээрийн яриа хэлэлцээний багийнхан дээрх Хэлэлцээрийн хэрэгжилт, эдийн засгийн ач холбогдол, гаалийн тарифын хөнгөлөлт, бараа бүтээгдэхүүний стандартын асуудлаарх яриа хэлэлцээний туршлагаасаа хуваалцав. Вьетнамын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн орнуудаас ОХУ, Казахстан, Киргиз, Армен, Беларусь Улсыг нэгтсэн 182.7 сая хэрэглэгчтэй, 2.2 их наяд ам.долларын ДНБ-тэй том зах зээл бүхий Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан анхны улс гэдгээрээ онцлог юм.
Мөн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Ву Ван Там-тай уулзаж Монгол Вьетнамын ЗГХК-ийн 16 дугаар хуралдааны протоколын дагуу мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт хийх хоёр талын эрсдлийн үнэлгээний ажлын багийг 8,9 дүгээр сард багтаан харилцан солилцохоор болов. Манай төлөөлөгчдийг Вьетнамын Бак Нинь мужийн Дабако группийн ерөнхий захирал БНСВУ-ын Хөдөлмөрийн баатар Нгуен Суан Туан хүлээн авч уулзан, тахианы мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээ танилцуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Хай Фонг хотын Ардын Хорооны дарга Нгуен Ван Тунг, тус хотын Гаалийн ерөнхий газрын удирдлага болон Хай Фонг боомтын удирдлагатай уулзаж, боомтын үйл ажиллагаа, гүн хөлдөөсөн мах махан бүтээгдэхүүний чингэлэгийн терминалтай танилцав.
Ажлын айлчлалыг Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Худалдааг дэмжих “ТРАМ” төслийн дэмжлэгтэйгээр Ханой дахь Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулав.