Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын байдлын талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 2.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Өмнөх оны мөн үеэс орлого 204 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого нь зарлагын өсөлтөөс 10.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Монгол Улс он гарснаас хойш дэлхийн 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум, үүнээс экспорт 2.1 тэрбум, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6, өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ өссөн аж. Судалгаанд хамруулсан хүнсний 100 нэрийн барааны 40 гаруйнх нь үнэ нэмэгдсэн байжээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр өнгөрсөн сард үхрийн шир Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймагт арван мянга, Улаанбаатарт 27500 төгрөгийн үнэтэй байв. Харин адууны шир Ховд, Хөвсгөлд тав, бусад аймаг болон нийслэлд 10-15 мянган төгрөг байна. Ямааны нэг килограмм цагаан ноолуур Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 80 мянган төгрөг бол Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 105 мянган төгрөгийн ханштай байгааг онцлов.
Энэ үеэр Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин нэлээд маргаан дагуулж байна. Үүнийг хэрхэн тооцож гаргадаг вэ?
-Ажиллагчдын сарын дундаж цалинг 2000-2013 онд аж ахуйн нэгж, байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байсан. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байна. Энэ санд бүртгэлтэй 41.6 мянган аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн даатгал гэх мэт татвар төлж, ажиллаж байгаа 700 гаруй мянган иргэний дундаж цалинг 944 мянга 500 төгрөг гэж гаргасан. Үүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэл суутгадаг. Монгол Улсын нийт ажиллагчдын 26 хувь нь төсөвт байгууллагад ажиллаж байна. Тэдний дундаж цалин 743 мянган төгрөг юм.
-Дундаж цалин ийм хэмжээнд хүрэхэд ямар хүчин зүйл голлон нөлөөлсөн бэ?
-Томоохон төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, хэрэгжүүлж эхэлсэн. Мөн ажилтнууддаа саяас дээш төгрөгийн цалин олгож буй аж ахуйн нэгж, байгууллагын хувь хэмжээ хоёр орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Салбараар нь авч үзвэл уул уурхай, шинжлэх ухааны болон техник, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар, барилга, боловсруулах аж үйлдвэр зэргийн үйл ажиллагаанаас үүдэн дундаж цалин ийм хэмжээнд хүрсэн.
-Та медиан болон дундаж цалингийн талаар хүмүүс өрөөсгөл ойлголттой явдаг гэлээ. Эдгээр цалингийн ялгааг тайлбарлаж өгнө үү?
-Жишээлбэл, нэгэн байгууллага 100 ажилтандаа харилцан адилгүй цалин өгдөг гэж бодъё. Тэдний цалингийн нийлбэрийг ажилтных нь тоогоор үржүүлээд хуваах байдлаар дундаж цалинг гаргана. Харин цалингийн нийлбэрийг 50 дахь хүнээр голлон хувааж медиан цалинг гаргадаг. Хэрэв бүх ажилтны цалин тэнцүү байвал медиан болон дундаж цалин адилхан гарна.