Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд энэ оны төгсгөл нэлээд ширүүхэн байх шиг байна. Учир нь түүний эргэн тойрон дахь хүмүүс нь хуулийн байгууллагынханд ар араасаа баривчлагдах янзтай байна. Энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгийг нь хилээр гарахыг хориглосон хоригийг прокуророос тавьсан бол бага дүү Н.Нарантуяг нь энэ сарын 16-ны өдрөөс эхлэн хорих 461-р ангид 14 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон. Тэгсэн өчигдөр орой Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг мөн л хорих 461-р анги руу баривчлан авч яваад байна. Н.Алтанхуягийн эгчийн охин гэдэг нь Ч.Уянга гэх мэдээлэл байна.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах нэг үндэслэл болж байсан асуудалд Ч.Уянга хамаатай байсан билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ерөнхий сайд аа. Таны дүүгийн охины удирддаг “Говь повер” компани 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу” гэсэн асуулт асууж байсан байдаг. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэр үед, “Миний дүүгийн асуудал надад хамаагүй. Тэр өөр хүн. Би өөр хүн” гэсэн бөөрөнхий хариулт өгч байв. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 17 тэрбум төгрөгийн тендэрт ялсан Ч.Уянга гэх хүний иргэний үнэмлэхний хуулбарыг твиттерээр олон нийтэд ил болгож байсан юм.Чулуунбаатарын Уянга нь Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охин. Өдгөө хоригдож байгаа ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэр юм. Ч.Уянга нь Тавантолгойгоос БНХАУ-руу гаргах нүүрсний тонн тутмаас 1.5 ам.доллар авах гэрээ байгуулсан. Түүнчлэн 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан гэх асуудалд нэр холбогдож хэвлэлээр гарч байсан нэгэн.
Сануулахад, Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулж, түүнд хилийн хориг тавих болсон үндэслэл нь Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсонтой холбоотой гэх мэдээлэл байсан. Түүний дансанд их хэмжээний мөнгө, ямар эх үүсвэрээр орсоныг шалгаж тогтоохоор хуулийнхан ханцуй шамласан гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй ч, асууж шалгах шаардлагатай зүйл байгаа гэх мэдээлэл байсан билээ.
Мөн АТГ-т шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгтэй холбоотойгоор Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд хилээр гарах хориг тавьсан гэх мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалж өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайд асны эхнэрт хилийн хориг тавьсан нь Н.Алтанхуягт өгч байгаа улстөрийн агуулгатай сануулга уу гэдэг асуудал яах аргагүй гарч ирж байгаа. Гэхдээ хэрэв түүний эхнэрийн дансаар сэжигтэй гүйлгээ хийгдсэн нь үнэн бол хуулийнханд өөр учиг байж бас болохыг үгүйсгэхгүй.
За мөн Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг “Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор АТГ-аас шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон байдаг. За мөн түүний хүргэн гэгдэх ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн асуудал одоо шалгагдаж байгаа гээд харвал Н.Алтанхуягийн эргэн тойрныхныг хуулийнхан үлдээхгүй шалгах нь ээ.