Оюутолгойн асуудлаар цагдан хоригдсон Б.Бадрал гэж хэн бэ

985

Улс төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс, тодруулбал С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгах шаардлагатай гэж үзэж, цагдан хорьсон билээ.

Тэдний заримыг өчигдөр шүүх хурлын шийдвэрээр батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч прокурор зөвшөөрөхгүй гомдол гаргасан учир дахин шүүх хурал болж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болсон нь энэ цаг үеийн дуулиантай мэдээллүүдийн нэг болж байна.

Тэдэнтэй хамт Оюутолгойн гэрээний асуудалд нэр холбогдож, улмаар цагдан хоригдсон хэд хэдэн хүний нэг нь Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан. Түүнийг мөн яллагдагчаар татаж шалгаж байсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан юм.

Өчигдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах эсэх шүүх хурал болохтой зэрэгцэн Б.Бадрах гэх хүний нэр дуулдсан нь олон хүний анхаарлыг татаж байна. Б.Бадрах гэж ямар хүн болох, хэдийд ямар шалтгаанаар баривчилсан талаар өмнө нь хуулийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл сэтгүүлчдэд өгөөгүй билээ. Тэр хүнийг цагдан хориод аль хэдийнэ нэг сар болсон байсан бөгөөд өчигдөр мөн л цагдан хорих хугацааг нь сунгав.

Б.Бадрах гэж хэн бэ гэдгийг судалж үзэхэд, тэрбээр 2012 он буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болох үеэс Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед “Н.Алтанхуяг Татварын ерөнхий газрыг төрийн алба биш төрлийн алба болголоо”, “Татварын ерөнхий газрын анд нөхдийн холбоо удирдаж байна” гэх мэтчилэн шүүмжлэл дагуулж байсан.

Эл шүүмжлэлийн нэгэн бай болж байсан хүн нь эл Б.Бадрах юм байна. Түүнийг тухайн үед Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Батмагнайгийн зөвлөх А.Тамирын найз гэж ярьж бичиж байв.

Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Ариунсантай хамт татварын хууль журамтай холбоотой шийдвэр гаргах түвшний асуудлуудад оролцдог байсан гэх мэдээлэл бий. Тэр ч утгаараа Оюутолгойн гэрээний татварын асуудалд ийн холбогдож хоригдсон биз.

Түүнийг гэнэт л нэг өдөр бариад хорьчихсонд хамт ажиллаж байсан хамт олон нь ихэд гайхжээ. Учир нь тэрбээр Татварын ерөнхий газартаа нэр хүндтэй, олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан мундаг боловсон хүчин, удирдлага юм байна. Хууль бус асуудалд холбогдох хүн биш байсан гэж тус газрын эх сурвалжууд мэдээлэв.

Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын угшилтай хэн бүхнийг хэрэгт холбогдуулж, барьж хорих ажиллагаа явагдаж буй юм байна гэж хардахад хүргэж байгаа талаар ярих хүмүүс ч олон байгаа аж. Ямартаа ч энэ олон баривчилгаа эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ, зөв буруу эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.