Дараах авто замууд түр болон урт хугацаанд хаалттай байна

971

Нийслэлд жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зам засварын ажил эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор Автозамын газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөгөө гаргажээ. Авто замын салбарт  2018  онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр есөн чиглэлийн 556.2 км авто замын  барилгын  ажил шинээр эхлүүлж, 11 чиглэлийн 863.9 км авто замын барилгын ажлыг он дамжин хэрэгжүүлж, нийт 15 байршилд төмөр бетонон  болон модон гүүрний барилга, их засварын ажил, хоёр байршилд нүхэн гарцын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж ажил нь аль хэдийнэ эхэлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ онд 1000 орчим км замыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж буй юм. 2018 онд хоёр том ажил хийгдэж байгаагийн нэг нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам. Одоогоор ажлын явц 56.6 хувьтай явагдаж байна.

Харин хоёр дахь нь төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг концессоор удахгүй эхлүүлэх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвүүдийг нийслэл  хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд авто замын салбарт 2018 онд шинээр эхлүүлэх томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР

-Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам

-Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

-Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай авто замын барилгын ажил

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨӨР

-Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7  км авто зам

-Увс аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар

-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил

-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг тус  тус эхлүүлэх аж.

Дээрх төсөл хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн баруун таван аймаг буюу Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 он гэхэд  нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож, улсын чанартай авто замын сүлжээний 50 гаруй хувь нь буюу 7720 км хатуу хучилттай авто замтай болох юм.

-УЛААНБААТАР ХОТОД ХИЙГДЭЖ БУЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖЛУУД-

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар хэд хэдэн газар авто замын засварын ажил хийгдэж байна. Тиймээс жолооч нарт мэдээлэл өгөх үүднээс хаана ямар зам хаасныг багцлан хүргэж байна.

-I ХОРООЛЛЫН ШОРООН ЗАМЫГ АСФАЛЬТААР ХУЧИЖ БАЙНА-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу “Москва” хорооллын араар холбох замын ажил эхэлжээ. Энэ ажилтай холбоотойгоор ПК 00+950 с ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тавдугаар сарын 2-ноос эхэлсэн хөдөлгөөний хязгаарлалт ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр хорооллын арын замын хэсэг газар шороогоор байдаг тул түүнийг асфальт болгон сайжруулж буй. Иймээс хөдөлгөөн хязгаарласан дээрх хугацаанд бусад холбоос замыг сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас сануулж байна.

-ЗАМЫН ЦАГДААГААС “HOME PLAZA” ХҮРТЭЛХ ЗАМ ХААЛТТАЙ-

Авто машины түгжрэлийг бууруулах, төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор өнгөрсөн сард Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн урд уулзвараас “Home Plaza”-гийн хойд уулзвар хүртэлх  замыг хаасан юм.

Тус газрын авто замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийт долоон түр зам гаргасан байгаа тул түүгээр зорчих боломжтой аж. Гүүрэн гарц барих ажил 1.6 жилийн хугацаатай үргэлжилнэ. Уг ажлыг зургаан хэсэгт  хуваасан бөгөөд эхний хэсэгт төмөр замын 406 дугаар гарам дээгүүр зорчих 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.

-“УРГАХ НАРАН” ХОРООЛЛООС ХОНХОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТҮР ХААСАН-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж авто зам ч эвдрэн аюултай болжээ. Иймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

“ЯАРМАГИЙН ОРЧМЫН АВТО ЗАМЫГ ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ХААНА”

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 9-ний 22:00 цагаас эхлэн зам хаах аж. Авто замыг ирэх есдүгээр сарын 3-ныг дуустал хаах шаардлагатай болжээ. Иймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.