Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөл, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран энэ сарын 14-25-нд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг хийхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан Мэргэшлийн зөвлөл тус сургалтын сургагч багш нарын заах арга зүйг сайжруулах, танилцуулга материалыг эзэмшүүлэх, нэгдсэн стандарттай болгох зорилгоор чиглүүлэх сургалт зохион байгууллаа.
Сургагч багш нарт зориулсан чиглүүлэх сургалтаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хөгжлийн хандлага болон Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, түүний хамрах хүрээ, хэрэгжүүлэх төлөвлөгөө болон үнэт цаасны зах зээлд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын өөрчлөлтийн талаар танилцууллаа. Мөн сургалтын арга зүйн талаар удирдлагын академийн доктор, дэд профессор В.Данаасүрэн зөвлөж, сургагч багш нарт хичээл заахад анхаарах асуудлуудын талаар МҮЦАЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг заавар, зөвлөгөө өгөв.