Морин хуурын чуулгын BEST тоглолт

721
Хөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний ‘1900-гийн домог’ (Legend of 1900) кинонд зориулан бичсэн ‘Playing love’ зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна.
Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачилгаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж байв. Өнгөрсөн найман жилд ‘Мандухай Сэцэн Хатан’-ы сүр хүч, ‘James Bond’-ын хурц рок, ‘Оддын дайн’-ы Эзэнт гүрний марш зэрэг олон эрс ялгаатай бүтээлүүдээр урын сангаа баяжуулжээ.
Харин энэ жилийн тоглолтоороо өнгөрсөн жилүүдэд үзэгч, хөгжимд дурлагсдыг илүүтэй догдлуулсан шилдэг бүтээлүүдээсээ сорчлон толилуулах, ‘Playing Love Best’ онцгой үдшийг танд бэлэглэхээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид бэлтгэжээ. Тоглолт 2018 оны тавдугаар сарын 4, 5-нд Соёлын төв өргөөнд болох юм байна.