“Улаанбаатар марафон-2018” ирэх сарын 19-нд болно

374
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийнхэн  “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах  бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жил Улаанбаатар марафонд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх, гадны олон улсын тамирчдыг түлхүү хамруулах зорилго тавин ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулах 4 дэд ажлын хэсэг байгаа. Удирдлага зохион байгуулалт, санхүү, Сурталчилгаа мэдээлэл, харилцаа хамтын ажиллагаа, Уралдаан тэмцээн зохион байгуулах, Үйлчилгээ хэв журам, аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн ахлагч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэв.
Хурлын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа “Улаанбаатар марафон” гүйлтэд дүүрэг, хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэн оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч ажиллах, гүйлтэд оролцох гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст урилга, мэдээлэл сурталчилгааг хүргэх, урих, оролцуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах, онлайн бүртгэлийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, алдаа дутагдлыг тухай бүр арилгаж ажиллах, Сүхбаатарын талбайд болон гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу уралдах замыг услах ажил зохион байгуулахыг холбогдох албаныханд тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.