Төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг танилцууллаа

601

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг танилцуулах, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн мэдээлэл хүргэх, санал авах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар нар Орхон аймагт ажиллалаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг танилцууллаа. Төсөлд, УИХ-ын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож санал өгөх буюу бусад гишүүнийг төлөөлөхийг хориглох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралд суугаагүй буюу нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах заалт тусчээ.

Мөн УИХ-ын гишүүнээр 25 нас бус 30 нас хүрсэн Монгол Улсын иргэн, УИХ-ын ээлжит чуулганы хуралдах хугацаа 50 өдрийг 75 –аас доошгүй өдөр болгох,  ирц 51 хүн оролцож байж  хуралдана гэжээ. Түүнчлэн, УИХ сайд нарыг томилох бус Ерөнхий сайд багаа бүрдүүлэх,  Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн 50 хувь буюу 38 хүний саналаар огцруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах буюу УИХ, Засгийн газар л  хууль санаачлах эрх эдэлнэ гэжээ.

Харин “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэхдээ, төрийн албыг хариуцлагатай, тогтвортой, зарчимтай байхад чиглэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцоллоо. Тодруулбал, аль нэг улс төрийн намын нөлөөгөөр төрийн албанд ажиллах бус хэлтэс, албадын даргаар ажиллах бол наймаас дээш, Тамгын газрын даргаар ажиллах бол 16-аас дээш жил ажилласан байх, мэргэжилдээ ур чадвартай, туршлагатай байх шаардлага тавьжээ. Мөн авлигад холбогдож байсан бол төрийн албанд ажиллуулахгүй байх заалт орсон байна.

Уг мэдээллийн дараа Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаяр, “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг танилцууллаа. Үүнд төрийн зарим байгууллагыг тухайн орон нутагт нь шилжүүлэх, санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Төвлөрлийг сааруулахад  2016-2020 он, 2020-2024 он гэж хоёр үе шаттайгаар бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана гэж мэдээллээ.

Дээрх сургалт, хэлэлцүүлэгт Орхон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, ахлах мэргэжилтэн болон бусад агентлагийн дарга нар оролцлоо.