Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болох гэж байна.
Өнгөрөгч наймдугаар сард товлогдсон ҮЗХ-ны хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнг харзнаж, дээр нь намын дотоод зөрчлөөс шалтгаалан хойшлоод байсан билээ.
Өнөөдрийн хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 06-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм. Харин арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 06 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ хурлаас хамгийн ихээр анхаарал татсан нэгэн асуудал бол намын дарга хэн болох вэ гэдэг хүлээлт. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Зохицуулах зөвлөлийн гишүүн Н.Чимэддорж нар өөрсдийгөө намын даргад нэр дэвшүүлэхээ ил тод зарлаад буй.
Мөн Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулахад кноп дарсан тухайн үеийн УИХ-ын гишүүн 15 хүнд хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөж магадгүй байна.
Гэвч намын даргын асуудалд олон зөрчилтэй байр суурьтай байгаа учир өнөөдрийн хурал болох уу үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй хэвээр байна.