Төр үнэндээ тун муу менежер гэдгээ алхам тутамдаа харуулж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн сард төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, дүнгээ танилцуулснаар дээрх хэвшсэн ойлголтыг бүр ч бататгаж өгөв. Энэ талаарх зарим онцлох тоо баримтыг доор дурдъя. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгжийн өр 2012 онд 3.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан.
Тэгвэл энэ тоо өнгөрсөн оны байдлаар 10.8 их наяд төгрөгт хүрчээ. Гуравхан жилийн хугацаанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр даруй гурав дахин нэмэгдсэн гэсэн үг. Харин авлага нь 2012 онд 1.2 их наяд төгрөг байсан бол 2015 оны байдлаар 2.2 их наяд төгрөг болж өсчээ.
Мөн 2012 онд 187.7 тэрбум төгрөгийг ашигтай ажиллаж байсан дээрх аж ахуйн нэгжүүд өнөөдөр ашиггүй ажиллаж, алдагдлын хэмжээ нь 11.3 тэрбум төгрөг болоод буй. Ашиг олох нь байтугай алдагдалтай ажилладаг, дээр нь зогсохгүй 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 38.6 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Тэгсэн хэрнээ бүтэц, орон тоо данхайж, албан хаагчдын тоо өнгөрсөн гурван жилийн хугацаанд даруй 5254-өөр нэмэгдэж, 45,618 болсныг дүгнэлтдээ дурджээ.
Улсыг бус, удирдагчийнхаа халаасыг түнтийлгэх нь тэдний зорилго
Энэ бол төр муу менежер гэдгийн тодоос тод харуулах хангалттай жишээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүйн адилаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ашгаа өгдөггүйн ганц шалтаг нь өр. Уг нь төрийн өмчит гэх нэрийн дор толгойгоо илүүлж буй тэрхүү 87 аж ахуйн нэгжийн хийх ажил нь өр тавих биш. Гэтэл тэд ашиг олох нь байтугай алдагдлаа ч нөхөж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь энэ.
Чухам яагаад төрийн гэсэн тодотголтой болохоороо ашиггүй ажилладгийн хамгийн том нууц нь шахаа. Тэд шахааны бизнесийг цэцэглүүлж, үхмэл хөрөнгийг өөхшүүлсээр ирснийг ярьдаг олон хүн бий. “Шахааны бизнес гэдгийг зөвхөн том үйлдвэрүүдэд байдаг гэвэл өрөөсгөл ойлголт. Төрийн гэсэн тодотголтой бүхий л байгууллагад шахааны бизнес байдаг. Зөвхөн том жижгээрээ л ялгаатай. Тийм ч учраас төрийн гэсэн тодотголтой компаниуд ашигтай ажилладаггүй” хэмээн Д.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг.
Түүний хэлсэнчлэн төрийн өмчийн газрууд улстөрчдийн хувийн бизнесийн шахааны газар, ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болдог гажиг “тогтолцоо” өнгөрсөн 26 жилийн хугацаанд бүрэлдэж, өдгөө бат бөх тогтжээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл бүхий улстөрчид болон бизнесийн бүлэглэлүүд хувийн компаниараа дамжуулан өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн ханган нийлүүлж, ашиггүй бизнесийн гэрээг тулган хүлээлгэх зэргээр улсын өмчийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хүч түрэн оролцож, бизнесийн шийдвэрт нь нөлөөлдөг. Ингэж үнэтэй бараа авах нь мэдээж төрд л ашиггүй. Харин цаанаа хэн нэгний халаасыг зузаатгаж байдаг. Ингэснээр улсын үйлдвэрийн газрууд хэн нэгний халаасанд орсон мөнгийг нөхөхийн тулд ажилладаг, нөгөө талд төр өөрөө муу менежер мэт харагдаж үлддэг.
Товчхондоо, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд ашиггүй ажиллаж байвал энэ нь өмчийн хэлбэрээсээ болсон бус, харин бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгийн оролцоо байгаагаас шалтгаалсан гэсэн үг. Тиймээс улсын үйлдвэрийн газрууд бараа бүтээгдэхүүн авахдаа даргын танил, өндөр албан тушаалтан гээд хэн нэгний хэлсэн өндөр үнэтэй бараа авдаг хуйвалдааныг хянах цаг нь болсныг олон тоо баримт харуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудад төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь хэн нэгний шахааны бараа бүтээгдэхүүнийг авдаггүй бөгөөд өөрсдөө олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож, хамгийн чанартай бүтээгдэхүүнээ зах зээлийн боломжит үнээр сонгон авдаг байна.
Шахааны бизнесийг зөвхөн бараа бүтээгдэхүүнээр төсөөлөх нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь бараа бүтээгдэхүүнээс гадна шахааны боловсон хүчин төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд үүрлэсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүний гол шалтгаан нь ажлын тааламжтай нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал, төрийн албан хаагч бус тул тавигдах шаардлага багатай.
Төрийн албан хаагчийн шалгалтад бэлтгэж, толгой гашилгах шаардлагагүй гэсэн үг. Цалин, урамшууллын хувьд өндөр тул төрийн өмчийн газруудыг сонирхох хүмүүс олон байх нь аргагүй юм. Үүнийг дараах тоо баримт тодорхой харуулна. Төрийн өмчийн 89 аж ахуйн нэгжийн зөвхөн 10 компанид л гэхэд таван саяас дээш төгрөгийн цалин авдаг 30 гаруй хүн байдаг. Үлдсэн нь 2-3 сая төгрөгийн цалин авдаг гэдгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэлж байсан.
Үүнээс гадна төрийн өмчийн газруудын удирдлагын нэг сарын цалин нь 5-10 сая төгрөг бол 30, 10-30 сая төгрөг бол 50, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн зарим удирдлага сардаа 30-40 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Тийм ч учраас сонгуульд ялалт байгуулсан эрх баригч нам, улстөрчид өөрсдийнх нь төлөө ажилласан нөхдүүдэд “урамшуулал” болгож төрийн өмчийн газруудад албан тушаал хуваарилдаг жишиг тогтжээ.
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгжийн өр 2012 онд 3.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар 10.8 их наяд төгрөгт хүрчээ.
- Төрийн гэсэн тодотголтой болохоороо ашиггүй ажилладгийн хамгийн том нууц нь шахаа.
- Өнгөрсөн 26 жилийн хугацаанд төрийн өмч шиг эзэнгүйдсэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд шиг дампуурсан газар байсангүй.
Хувийн компани хэзээ ч өөрт хэрэггүй, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хэдэн зуугаар нь авч нөөцөлдөггүй. Мөн өөрт шаардлагатай байгаа боловсон хүчнээ сонгон шалгаруулж авдаг. Гэтэл улсын тодотголтой, төрийн өмчит газрууд хэрэггүй болгоныг хадгалдаг, шаардлага хангахгүй боловсон хүчнийг цуглуулдаг нэг төрлийн агуулах байр болсон байна.
Шулуухан хэлэхэд, төрийн өмчийн компаниудад ашигтай ажиллах шаардлага алга. Улсыг бус, удирдагчийнхаа халаасыг түнтийлгэж, тэрбумтнуудыг төрүүлэх нь тэдний зорилго гэж харахаас аргагүй мэт. Тиймдээ ч төрөөс төрсөн тэрбумтнууд үе үехэн аавын хаалга татаж, төрийн өмчит компаниудын алдагдалтай ажилласан баримт олны чихийг дэлдийлгэсээр ирэв.
Нөгөө талаар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд үр дүнтэй ажиллаж байгаа гэсэн өнгө зүсний төлөө явснаас үнэхээр үр дүнтэй, ашигтай орлоготой ажиллуулахыг төр өөрөө ч шаарддаггүй. Тиймээс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, үүд хаалга нь нээлттэй л байвал хэчнээн төгрөгийн өр тавих нь хэнд ч хамаагүй. Учир нь тэдний хэзээ, хаана, хэнээс ямар хэмжээтэй зээл авсныг ил гаргадаг хүн ч байхгүй.
“Төрийн өмч эзгүйдэх ёсгүй” гэж дарга нар ярьдаг ч өнгөрсөн 26 жилийн хугацаанд төрийн өмч шиг эзэнгүйдсэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд шиг дампуурсан газар байсангүй. Дарга нарынх нь хэтэвч зузаарахын хэрээр компанийнх нь алдагдал хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх болсон ч хариуцлага ярих нэг ч хүн байсангүй. Төрийн гэсэн тодотголтой л бол өрийн “уурхай” болсон байдгийн учир нь энэ ажээ.
Б.Даваатогтох