Гурван настай охиныг хойд эцэг нь “Өмдөндөө шээлээ” хэмээн ухаан алдтал нь зодож гэмтээжээ

1330

Энэ сарын эхээр Дорнод аймагт гуравхан настай охин хойд эцэгтээ ухаан алдталаа зодуулж гэмтсэн хэрэг гарсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, хойд эцэг нь охиныг хоолоо асгалаа, өмдөндөө шээлээ гэсэн шалтгаанаар ийнхүү зоджээ. Энэ нь анхны тохиолдол биш бөгөөд урьд нь жижиг сажиг зүйлээр шалтаглан охинд удаа дараа гар хүрдэг байсан аж.

Охины ээж өнгөрсөн оны наймдугаар сараас 28 настай Б гэгчтэй хамтран амьдарч эхэлжээ. Ажил хийж, амьдралаа залгуулахын тулд тэрээр хойд эцэгт найдан охиноо үлдээгээд явдаг байж. Харамсалтай нь, нэг өдөр ажлаа тараад харихад охин нь ухаан алдсан байжээ.

Айж сандарсан бүсгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дуудсан байна.Түргэнийхнийг ирэхэд түүний хамтран амьдрагч Б нохойгоо хашаандаа сул тавьж, хаалгаа түгжээд, гэртээ оруулахгүй байсан аж. Цагдаа нар очиж байж охинд эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрджээ.

Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр: Бүсгүй ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нэгэн бөгөөд байнга сэтгэл санааны дарамттай амьдарч байжээ. Эдүгээ Б-г цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон охин Улаанбаатар хотод эмчлүүлж буй бөгөөд урьдчилсан байдлаар тархиндаа саажилттай болсон байх магадлалтай гэж үзэж байсан ч нарийн үзлэг шинжилгээгээр тархи нь доргиж, хөнгөн зэргийн гэмтэлтэй, саажилтгүй гэж оношлогджээ.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймагт хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол бүртгэгдээгүй аж. Харин өнгөрсөн онд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол зургаан удаа бүртгэгджээ.

Энэ хэрэг гэр бүл салалтын улмаас хүүхэд хохирч буйн нэг тод жишээ бөгөөд бүсгүйчүүдэд үр хүүхдээ энэрэх сэтгэлгүй араатны гарын шүүс, уур бухимдлаа тайлах “бай” болгохгүйн төлөө эхлээд сайн судалж байж хань ижлээ зөв сонгох нь чухлыг сануулж буй юм.