Орон нутагт авто замын барилгын ажил гүйцэтгэж буй ААН-үүдийн төлөөлөлтэй Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд өнөөдөр уулзлаа.
Авто замын чанарыг сайжруулах, гэрээний хариуцлага болон хяналтыг нэмэгдүүлэх, замын ажлыг стандарт горимын дагуу гүйцэтгэх, цаг хугацаанд нь багтааж ажлаа хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2018 ОНД НИЙТ 1,000 ГАРУЙ КМ ЗАМ ХҮЛЭЭЖ АВАХААР ТӨЛӨВЛӨСӨН
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ
‘2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн. Уг замын ажлыг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэтгэх бөгөөд улсаас 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
2018-2019 оны зам барилгын томоохон ажлуудыг гүйцэтгэвэл 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад байсан аймаг, орон нутгийг нийслэл хоттой холбох зорилт маань биеллээ олно’ гэв. Мөн тус яамнаас энэ онд орон нутагт шинээр хийгдэх зам барилгын ажлуудыг танилцуулсан юм.
2018 онд шинээр эхлэх ажлууд:
- Улсын төсвөөр: Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөлтгөл, шинэчлэлтийн ажил, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай замын ажил.
- Гадаадын зээл тусламжаар: Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил, Баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай зам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн замаас Мөст сум чиглэлийн 20.3 км зам.
- Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр: Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн 4 замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.
Уулзалтын үеэр ААН-үүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
ЦАХИР-ТОСОНЦЭНГЭЛ ЧИГЛЭЛИЙН 27 КМ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ УДААШИРЧ БАЙНА
Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Хурдны зам” ХХК-ий захирал О.Энхсайхан
“Бид хийхээр төлөвлөсөн 127.1 км замынхаа 100 км-ийг 2017 оны намар улсад хэсэгчлэн хүлээлгэн өгсөн. Одоогоор 97 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
Замын ажил 2012 онд эхэлсэн учраас төсөв дээр асуудал бий болсон. Олон он дамжсан замын ажил учраас валютын ханшны өөрчлөлт, санхүүжилт олгож байсан байгууллагын өөрчлөлт зэргээс үлдсэн 27 км замын ажлын явц удааширч байна” гэж замаа хүлээлгэн өгөхөд үүсч буй хүндрэлээ илэрхийлсэн юм. Үүнд салбарын сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар хуулийн хүрээнд гэрээг дахин хянаж, энэ асуудлыг дахин авч үзэхээр боллоо.
Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ хугацаандаа ажлаа гүйцэтгээгээгүй, алга болсон аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
Баянхонгор-Байдрагийн чиглэлийн 129.4 км зам туслан гүйцэтгэгч “Их богд зам” ХХК-ий захирал Д.Мөнхсайхан
“Замын барилгын ажил өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ээс эхэлсэн. 2018 багтааж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийт ажлын 40 хувийг 2017 онд гүйцэтгээд байна. Нийт дөрвөн туслан гүйцэтгэгч компани байгаа тул далангийн ажил харьцангуй хурдан хийгдэж байна.
Замын хяналт маш сайн байгаа. Бид нэг хүрз шороогоо ч хяналтаар оруулдаг. Харин 1 км далан хийхэд 5-6 байгууллагаар шалгуулдаг. Энэ хяналт, шалгалтын системийг нэгдсэн нэг төвтэй болгож өгвөл аль аль талдаа ажил хурдан явах байх. Бид бүгд л сайн зам барих хүсэлтэй” байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр баригдсан замаар даац хэтрүүлсэн машинууд хүдэр зөөх зэрэг асуудал үүсгэж, улмаар замын насжилтад нөлөөлж байгааг дурьдлаа. Иймд замын барилгын ажил гүйцэтгэгч ААН-үүд “Авто замын хууль”-ийн болохгүй асуудал дээр өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлж байх хэрэгтэйг, мөн төлөвлөгөөт хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хэрэгтэйг УИХ гишүүн О.Батнасан онцоллоо.
Дээрх төлөвлөгөөнүүдийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм байна. Ингэснээр улсын чанартай авто замын сүлжээний 50 хувь нь буюу 7,720 км хатуу хучилттай авто замтай болно.
Эх сурвалж: ЗТХЯ