Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын шинэ байрны шав тавих ёслол боллоо

780
Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд бүтэц зохион байгуулалт болоод бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Үүний үргэлжлэл болж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны барилгын ажил Төв аймгийн Зуунмод хотод эхэллээ. Барилгын ажлыг хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид гүйцэтгэх бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах юм.
Шинэ байрны шав тавих ёслол өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд,  Төв аймгийн удирдлагууд,  Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 017, 014 дүгээр ангиудын алба хаагчид оролцсон юм.
Хуурай замын цэргийн командлалын шинэ барилга штабын байр,  соёлын төв, агуулах, гарааш гээд цогцолбор хэмжээнд баригдах бөгөөд энэ жил штабын байраа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар болон барилгын ажил гүйцэтгэх Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан нарын сэтгэгдлээс хуваалцлаа.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:
-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн багц хууль хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд төрлийн цэргийн командлалууд ЗХЖШ-аас тусгаарлан  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бие даан ажиллах боломжийг нь бүрдүүлэх учиртай. Хоёрдугаарт, батлан хамгаалахын шинэчлэлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод нэг дор төвлөрсөн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагын байруудыг тараах зорилгын хүрээнд Хуурай замын цэргийн командлалын байрыг Төв аймгийн Зуунмод хотод барих гэж байна. Мэдээж энэ нь орон нутагт өнгө төрх нь өөрчлөгдөхөөс эхлээд олон талын  ач холбогдолтой. Эцэст нь батлан хамгаалахын салбарынхан сургалт бэлтгэлээ тасалдуулахгүйгээр өөрийн хэрэгцээний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж чаддаг гэдгийг харуулах учиртай. Өмнө нь ч гэсэн манай салбарынхан улс орны болоод өөрийн хэрэгцээний барилгаа барьж байгуулсаар ирснийг та бүхэн мэднэ дээ. Энэ жил штабын барилгаа, дараа жил үлдсэн барилгаа барьж дуусгана.
Бригадын генерал Б.Амгаланбаатар:
-Шинэчлэн батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын болон Агаарын цэргээс бүрдэнэ гэж  заасны дагуу  Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан. Бие даан үйл  ажиллагаа явуулах бодлогын хүрээнд  барилгын ажлын шав тавих ёслол боллоо. Ер нь орон нутагт командлалын байраа барьснаар харьяа анги, салбартайгаа илүү ойр байх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Барилгыг бүтээн байгуулалтын арвин их туршлагатай манай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан барьж, барилгын хөрс суулгалтыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай рот гүйцэтгэнэ.
Хурандаа Ж.Баясгалан:
-Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу манай анги Хуурай замын цэргийн командлалын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүрэг аваад өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ жилийн хувьд үндсэн корпус буюу штабын байр, гадна дулааны шугам сүлжээ, төв шалган нэвтрүүлэх байр, техникийн шалган нэвтрүүлэх байр, гаднах хашааг барина. Ямар ч байсан манай ангийн хамт олон маш их ачаалалттайгаар товлосон хугацаандаа бүтээн байгуулалтаа хүлээлгэн өгөхийн төлөө зүтгэх болно” гэсэн юм.