“Гэгээн муза” наадмын хоёрдугаар шатанд 26 бүтээл өрсөлдөнө

757
Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг ‘Гэгээн муза 14’ олон улсын театрын наадамд нэр дэвших уран бүтээлчид өнөөдөр гэрчилгээгээ гардлаа.
“Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа хэлэхдээ, “Уран бүтээлчдийн санал асуулгаар энэхүү наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтож өнгөрсөн жил өнжсөн. Энэ хугацаанд ‘Гэгээн муза’ академи уран бүтээлчдээ орхихгүй тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн жил мэргэжлийн, чөлөөт болон орон нутгийн уран бүтээлчдийг хамруулан ‘Физикал театрын үндсэн зарчим’ сургалт зохион байгуулсан. Ирэх жил хоёр хүнтэй жүжгийн улсын уралдааныг зарлана. Шаардлага хангасан бүтээлийг ‘Гэгээн муза’ наадмын шинэ төрөл болгон оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Моно жүжгийг Монголын драмын урлагийн хөгжилд оруулсан бол хоёр хүний жүжгийг оруулснаараа олон улсын фестивальд өөрсдийн бүтээл туурвилаар оролцох боломжтой болж байна” гэв.
Энэ удаагийн наадмыг ‘Хүүхэд оролцооны бүтээл’ болон ‘Драмын жүжгийн төрөл’, ‘Драмын жүжгийн төрөл’, ‘Хөгжимт жүжгийн төрөл’ , ‘Хүүхдийн жүжгийн төрөл’ , ‘Нэг хүний жүжгийн төрөл’-өөр зохион байгуулах юм.
Тус наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.
Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгүүлснээс 26 бүтээл шалгаран хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх юм. Эдгээр бүтээлд оролцох 90 грауй уран бүтээлч нар дэвшиж байгаа юм. Шалгаруулалтын тоглолт ирэх сарын 07-12-нд, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 13-нд УДЭТ-т болно.