Гадаад паспортын үйлчилгээг нийслэлийн 10 цэгээс авах боломжтой боллоо

415

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр /2018.04.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа гаригаас /2018.04.09/ эхлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлж байгаа аж.

Жил ирэх тусам гадаад паспорт захиалах иргэдийн тоо өсөж байгаа тул дээрх зохицуулалтыг хийжээ. Өнгөрсөн жил гадаад паспорт захиалсан иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн байна. Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлж буй нь энэ аж.

Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалах боломжтой гэнэ. Харин гадаад паспортыг сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж байгаа стандарттай холбоотой гэдгийг албаныхан онцоллоо.