“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2017 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ын ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

981

__tu9833

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монголбанкнаас энэ оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн тус тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулсан юм. Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах гэж буйтай холбогдуулан төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн зүгээс зохион байгуулжээ. Мөн “Монголын банкуудын холбоо”, “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”, “Санхүүгийн зах зээлийн холбоо”-ноос тус тус санал авсан байна. Хэлэлцүүлгийн явцад болон ТББ-аас ирүүлсэн саналд банкны хадгаламж болон зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгож хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, инфляцийг нам дор түвшинд барих, түүнчлэн орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой асуудлуудыг зэргийг голлон хөндсөн байна. Ажлын хэсэг эдгээр саналыг нэгтгэн, дүгнэж хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Монголбанктай хамтран ажилласан ОУВС-ийн мэргэжилтнүүд ямар хүрээнд ажилласан талаар болон ямар тохиролцоо, хэлэлцээ яригдсан талаар тодрууллаа. ОУВС-ийнхан хоёр долоо хоногийн турш ажилласан бөгөөд талууд эдийн засгийн өсөлт, инфляц, нөлөөлж буй хүчин зүйлс ямар байх, бодит эдийн засаг дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн ямар байх вэ зэрэг төсөөллийн тоон үзүүлэлтүүдээ тохирсон талаарх мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өглөө. ОУВС-ийн төлөөлөгчид энэ сарын төгсгөлд дахин ирж ажиллаж магадгүй гэдэг мэдээлэл байгаа, тэр үед бодлогын түвшний арга хэмжээнүүдийн талаар зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан төгрөг суларч байгаа нь ноцтой байдалд хүрч байгааг онцлоод, валютын ханшийг тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк, Засгийн газар хамтран ажиллах шаардлагатай хэмээн хэлэв. Мөн тэрбээр бодит секторыг дэмжих үүднээс цаг үеийн зохицуулалт хийж, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжтой эсэхийг лавлав. Санхүү, банкны салбар тогтовортой байх нь бодит секторт дэмжлэг болох бөгөөд энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр мөнгөний бодлогын хүүг нэмсэн нь энэ зорилгоор гаргасан шийдвэр хэмээн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хариулав. Банкны салбарт илүүдэл нөөц үүсч, энэ нь ханшид нөлөөлж дарамт үүсгэж байсан учир банкны салбарын тогтвортой байдлыг буюу бодит салбараа дэмжсэн алхам хэмээн үзэж шийдвэрлэсэн болохоо тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш гурван сарын хугацаанд валютын ханшинд 20 гаруй хувийн өөрчлөлт гарсан. Валютын ханшийн  өөрчлөлт гарах эдийн засгийн гол шалтгаан нь төлбөрийн тэнцэл, урсгал байдаг. Гэтэл сүүлийн гурван сард төлбөрийн тэнцэлд дээрх хэмжээний шок үүсэх хөдөлгөөн гараагүй. Валютын ханшийн өөрчлөлтийн гол шалтгаан нь нийгмийн хүлээлт, улстөрийн нөхцөл байдал долларжих үзэгдлийг өдөөсөнтэй холбоотой. Энэ тохиолдолд Монголбанк хүлээлтийг удирдах бололцоо бий гэдгийг Б.Жавхлан гишүүн тэмдэглээд, энэ чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа талаар тодруулсан юм. Мэдээллийн удирдлагыг тодорхой болгох, хөрөнгө оруулагчдад өгөх мэдээллийг ойлгомжтой, жигд болгох зэргээр Засгийн газар, Сангийн яам, Монголбанк хамтран хүлээлтийн удирдлагын чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа хэмээн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хариулт өгсөн юм. Ийнхүү тогтоолын төслийг хэлэлцсэний дараа Ажлын хэсгээс ирүүлсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсов.

__tu9800

Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, агаарын навигаци, нисэх буудал, агаарын тээвэр, хүний нөөцийн хөгжил зэрэг нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л хүрээг хамарсан, хүрэх зорилго, зорилтыг тодорхойлсон “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг Улсын Их Хурлаас 2013 онд батласан. Өнгөрсөн гурван жилд тус бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох, агаарын навигацийн үйлчилгээг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нисэх буудлын чиглэлээр болон иргэний агаарын хөлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн тухай танилцуулав.

Шинэ нисэх буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши Чиёода” түншлэл ажиллаж байгаа бөгөөд 2013 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 99.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар  үргэлжилж байгаа аж.

Шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар  Улаанбаатар хотоос Хөшигийн хөндийн нисэх буудал барих газарт  хоёр талын эх үүсвэр бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станцыг байгуулах, Улаанбаатар хотоос интернэт, холбоо мэдээллийн шилэн кабель татах, Улаанбаатараас шинэ нисэх буудал хүртэл хурдны авто зам тавих,  Үерийн хамгаалалтын далан, Захиргааны барилга, Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга болон Аэродромын засвар үйлчилгээний барилгуудыг  улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар барихаар үүрэг хүлээсэн.

Харин Захиргааны барилга, Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга болон Аэродромын засвар үйлчилгээний барилгуудыг Монголын “Ви ЭЙЧ энд БИ”ХХК  барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Зам,  тээврийн хөгжлийн яам /шинэ нэрээр/-тай 113/14 тоот гэрээ байгуулан  2016 оны 4 дүгээр сараас ажил эхлүүлсэн.Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл  29.3 хувьтай байгаа бөгөөд 4,348,705,064 төгрөгийн ажлыг компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж санхүүжилт хийгдээгүйгээс ажил зогсоход хүрээд байна. Монголын Засгийн газрын хүсэлтээр  7 төрлийн барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авахаар нэмэлт зээл авсан бөгөөд энэ ажлын гүйцэтгэл 32.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эдгээр ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Харин хурдны авто замыг 2018 онд ашиглалтанд оруулахаар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр гүйцэтгэж байна. Шинэ нисэх буудлыг  цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн эх үүсвэр болох Сонгино- Хөшигийн хөндийн 110 кВ-ын хоёр хэлхээтэй цахилгаан дамжуулах шугам татсан боловч тэжээх эх үүсвэр болох Сонгино-Туулын дэд станцыг Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн алба хариуцан  бариулж  дуусаагүй учир хүлээгдэж байгаа аж. Мөн Засгийн газар Японы Консорциумаар гүйцэтгүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Тус консорциум төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 34.9 сая ам.доллар байхаар, үүнээс Монголын тал 49 хувь буюу 17.1 сая ам. долларын санхүүжилт гаргахаар төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэх 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар концессын төлбөрөөс 143.6 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 168.5 сая ам.доллар, ногдол ашгаас 241.9 сая ам.доллар, нийт 554.0 сая ам.долларын орлогыг олохоор тооцож, төслийн хөрөнгө оруулалтын өгөөж 22.8 хувь байх саналыг ирүүлсэн байна. Иймд шинэ нисэх буудлын барилгын ажил 2 сарын дараа дуусах тул нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө менежментийн хэргжүүлэх компанийг байгуулах арга хэмжээг даруй авах, тус компанид Монголын талын эзэмших 49 хувьд ногдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд танилцуулсан юм.

__tu9836

Уг танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Чинзориг, Л.Болд, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт, асууж тодруулга авснаар Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.