УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсад 100 сая төгрөг хандивлав

1104

Улс орын эдийн засаг хүнд байгаатай тул Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалж байгаагаа өчигдөр /2017.01.30/ мэдэгдсэн. Энэхүү хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар дэмжиж байгаагаа илэрхийлж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Улс орын эдийн засаг хүнд байгаатай тул Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалсан байна. Тиймээс бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүдээ уриалж байна. Би өөрөө УИХ-ын гишүүн болохоос өмнө бизнес хийдэг байсан тул энэ хөдөлгөөнд нэгдэж 100 сая төгрөг хандивлаж байна. Бусад хүмүүс ч энэ хөдөлгөөн нэгдэж оролцохыг уриалж байгааг минь зөвөөр ойлгоорой” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан уриалгыг дэмжиж байна. Манай хэсэг бүлэг гишүүд ярьж байгаад энэ уриалгыг дэмжих нь зүйтэй гэж шийдсэн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвэнгээр тусалсан нь дээр гэдэг зүйр үг байдаг. Тиймээс бид энэ хөдөлгөөнд оролцохоор шийдсэн. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр зээлийг төлөхөд хувь нэмэр оруулах нь зүйтэй гэдэг байдлаар явж байгаа. Мэдээж энэ санаачилгыг УИХ-ын гишүүн гэлтгүй, бизнес эрхлэгч, ард иргэд ч гэсэн дэмжих байх гэж найдаж байна” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж байгаад хэдэн төгрөг хандивлахаа шийднэ гэлээ.

Т.НОМИН