Өнгөрсөн 7-р сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын өмнө болсон Модел АСЕМ-д зохион байгуулагчийн хувиар оролцох завшаан гарсан нь надад Монголын хүүхэд залууст ийм төрлийн загвар хуралдаанууд ямар их дутагдаж байгааг анзаарч ойлгох боломж олгосон юм. Гадаадаас шалгаран ирсэн залуусын “гэрийн даалгавраа” ямар сайн хийж ирснийг, тэд биднээс нэг биш нэлээд хэдэн алхмын урд явааг хараад бусад монгол оролцогсодтой санал нийлэн ярилцаж байсан юм. Тэдний хариуцаж авсан улс орныхоо аливаа асуудлууд дээр баримталж буй бодлогыг судалсан байдал, түүнийгээ өөрийн болгон эзэмшсэн байдал, өөрийнхөө санааг хамгаалж мэтгэлцэж байгаа байдал, дипломат дэгийн дагуу уран илтгэж, бусдыг манлайлж байгаа байдал нь үнэхээр л үлгэр жишээ авмаар байлаа. Тиймдээ ч ахлах ангийнханд зориулсан UBMUN арга хэмжээг дэмжээч гэсэн санал Unread-д ирэхэд бид ямар ч эргэлзээгүй зөвшөөрсөн хэрэг. Хүүхэд залуус маань дэлхийн хэлээр сэтгэж, дэлхийн хэлээр хэлэлцэж, дэлхийн хүн болоход эдгээр загвар хуралдаануудын үүрэг нэн чухал. Ингээд та бүхэн Model United Nations болон түүнд оролцохын ач холбогдлын тухай энэхүү нийтлэлээс уншина уу.
MUN ГЭЖ ЮУ ВЭ?
Model United Nations буюу MUN бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаан бөгөөдНҮБ-ын “жинхэнэ” хуралдааны агуулга, дэг, хэлэлцдэг асуудлуудыг залуусын оролцоон дээр тулгуурлан явуулдаг, олон улсын улс төр болон дипломат харилцааны талаар гурван өдөр хэлэлцдэг арга хэмжээ юм. Энд олон улсын харилцаа, дэлхий нийтэд тулгамдаж байгаа “жинхэнэ” асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог. Ахлах сургуулийн сурагчдаас төгсөх курсийн оюутнуудын дунд төрөлжүүлэн зохиогддог MUN-д суралцдаг салбар, сургууль, хотоосоо үл хамааран нэгдэх боломжтой байдгаараа онцлогтой.
ЯАГААД ТА MUN-Д ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Яг энэ асуулт олон хүний толгойд төрж байгаа байх. Энэ нийтлэлийн зорилго ч чухам энэ асуултанд хариулт өгч, аль болох олон залуусыг энэ хөдөлгөөнд нэгдэж, өөрийгөө сорьж үзээсэй, хөгжүүлээсэй гэдэгт чиглэж байгаа юм. Бид United Nations ч гэлтгүй өөр олон төрлийн загвар хуралдаануудад оролцож байсан найз нөхөдтэйгөө, залуустай ярилцаж, олж авсан туршлагаас нь дараах зүйлсийг онцолж байна.
ШИНИЙГ СУРАЛЦАХ
Энэ бол өөрсдийнхөө амьдарч буй дэлхий ертөнц, эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудын талаар СУРАЛЦАХ боломж! Та загвар хуралдаанд оролцож, аль нэг улсыг төлөөлөн, ямар нэг салбар комисст орсон бол шинэ сэдвийн талаар унших, судлах хэрэгцээ зайлшгүй гарна. Та яг л дэлхийн лидерүүдийн яг одоо анхаарлаа хандуулж буй дүрвэгсдийн, энхийг сахиулагсдын, хүрээлэн буй орчны асуудлыг дэлгэрүүлэн уншиж, мэдлэгээ нэмж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, хуралдаандаа амжилт үзүүлэх боломжтой болно. Тийм болохоор “тухайн улс орны талаар илүү ихийг судлан, илүү гүнзгий мэдэж, түүндээ бүр донтож, илүү ихийг мэдэх хүсэлд автдаг” гэж олон оролцогч сэтгэгдлээ илэрхийлсэнд гайхах зүйл үгүй. Даяарчлалын энэ эрин үед үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд “дэлхийн хүн” байх шаардлагатай болсонтой бүгд санал нийлж буй. Тэгвэл MUN танд “дэлхийн талаар мэдлэгтэй, дэлхийн хүн байх боломж”-ийг олгох болно.
ШИНЭ ЧАДВАР ЭЗЭМШИХ
Хойд Солонгост эдийн засгийн хориг арга хэмжээ тавих асуудлыг хөндөж, олон улсын дэмжлэг авахын тулд танд сайн илтгэх, асуудлуудад ул суурьтай дүгнэлт хийх шүүмжит сэтгэлгээ, бусдад итгэл үнэмшил төрүүлэх манлайлагч зан чанар хэрэг болно. Сирийн дүрвэгсдийн асуудлын хүрээнд Европын улс орнуудыг хүлээн авах дүрвэгсдийн тоогоо нэмэхийг зөвшөөрүүлэхийн тулд сайн үндэслэл олох, судалгаа хийх, багаар ажиллах чадвар хэрэг болно. Энэ бол MUN-ий үеэр таны зайлшгүй хөгжүүлэх ёстой, бас өөртөө нэмж болох чадваруудын зөвхөн хэд нь. Дипломат ёс, харилцааны соёлыг ч өөртөө шингээх боломжтой. Та өөрийн манлайлах, багаар ажиллах, илтгэх, судалгаа хийх чадваруудыг ХӨГЖҮҮЛЭХИЙГ хүсвэл MUN-ийг сонирхож үзээрэй гэж зөвлөе.
ХҮРЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ
Та эндээс өөрийн үеийн маш олон залуу манлайлагчид, шинийг санаачлагчид, идэвхтэй залуустай танилцаж, илүү дотно найзалж НӨХӨРЛӨХ боломжтой болно. Ирээдүйн хамтрагчдаа ч олж авах эхлэлийг тавьж мэднэ. MUN арга хэмжээг зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид, дэмжигчид, хамтрагчид бүгд ирээдүйтэй, авьяаслаг тан шиг хүнийг хайж байгаад эргэлзэх хэрэггүй. Сургуульд элсэх өргөдлөө өгөхөд ч, ажилд орох хүсэлт өгөхөд ч MUN-д оролцож байсан, ямар нэгэн улс төлөөлж, судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, мэтгэлцэж байсан гэдэг туршлага өөрөө асар их “оноо”-г танд авчрах болно.
UBMUN-ИЙ ТУХАЙ
Тэгвэл 10-р сарын 22-24-ний хооронд Монголын хүүхэд залууст олон улсын гадаад бодлого, дипломат харилцаа, хэлэлцээр хийх туршлагыг өгөх зорилго бүхий UBMUN арга хэмжээ ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах гэж байна. Монголд анх удаа бүтэн англи хэл дээр, 3 өдөр үргэлжлэх энэ арга хэмжээ зөвхөн ахлах ангийнханд зориулагдаж байгаа гэдгээрээ, зохион байгуулагчид нь ч зөвхөн ахлах ангийн сурагчид гэдгийг онцолъё. Өнгөрсөн жилийн хуралд Монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 33 сургуулийн шилдэг 150 сурагчийг хамруулан явуулж байсан UBMUN энэ жил илүү өргөн хүрээнд, илүү сайн зохион байгуулалттайгаар явагдах гэж байна. Материал хүлээн авах хугацаа ирэх даваа гарагаар тасалбар болж буй учир та бүхэн яараарай. Хэрвээ таны нас хэтэрсэн бол дүү нартаа санал болгоорой. Мөн зохион байгуулагчдыг бүх талаар дэмжихийг уриалж байна.
Оролцох хүсэлт илгээх – Apply Now
Илүү ихийг: UlaanbaatarMUN.org
Фэйсбүүк хуудас: UlaanbaatarMUN
UNDRAL AMARSAIKHAN