Бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ

764

Улаанбаатар хотын гэр хороололд 218.7 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Мөн 31 мянга орчим өрх түрээсийн байранд амьдардгаас ердөө 1187 нь төрийн түрээсийн орон сууцанд байгаа юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, залуу гэрд чиглэсэн орон сууцны бодлого үгүйлэгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.

Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах зорилго бүхий дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд орсон. Мөн 1965-200 онд баригдсан 1077 угсармал барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул дулаан, техникийн шинэчлэлийн ажлыг хийх шаардлагатай байна.

Үгүй бол ашиглах боломжгүй барилгын тоо 10 жилийн дараа гэхэд одоогийнхоос 3.5 дахин нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийг ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулсан ажээ.

2020 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц, түрээсийн болон түр суурьших орон сууц, шинэ сууршлын бүсийг хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дэд бүтцийн төв байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээрт зориулах зардлыг жил жилээр төлөвлөн нийслэлийн болон улсын төсөвт суулгах, олон улсын зээл, буцалтгүй тусламжаар шийдвэрлэнэ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас дэд хөтөлбөрийг батлахыг дэмжиж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.