Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

286

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд тусган үг хэллэг, найруулгын засвар хийж, эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ.

Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох бөгөөд банк активаа энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулахаар тусгажээ.

Мөн Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болохоор, банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор үнэлгээ, сорил хийхэд шаардагдах зардлыг Монголбанк гаргах, түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох, банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлэх зэрэг анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хуулийн төслийн 17.3 дахь хэсгийн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтын шалгуурыг тодорхой болгох, 1 дүгээр зүйлийн 36.1.2 дахь заалтыг “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” гэж, 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байх” гэж, түүнчлэн “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг саналын томьёолол боловсруулж хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн 7.1, 17.4 хэсгийн өөрчлөлт нь өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдаагүй зарим зүйл, хэсэг, заалтуудтай зөрчилдсөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн банкны хараат болон охин компанитай холбоотой зарим зүйл, хэсэг, заалтаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах гол заалтууд хуулийн төслөөс хасагдсан гэсэн мэдээлэл байна гээд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, одоо хэлэлцэж буй энэ хуулийн төсөл банкны ерөнхий зохицуулалтын суурь хууль гэлээ. Энэ хууль зээлийн болоод хадгаламжийн хүүг бууруулах шууд зохицуулалтын хууль биш хэмээн тэрбээр тодруулаад, энэхүү суурь хууль сайжран батлагдсанаар банкны системийн ерөнхий эрсдэл буурч, ингэснээр зээлийн хүү, инфляцийн түвшинд нөлөөлж, дунд хугацаанд зээлийн хүү тогтвортой буурах боломж бүрдэнэ хэмээн хариулсан.

Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 24 дүгээр зүйлийн 24.6  дахь хэсгийг үндэслэн 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “,түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд” гэснийг “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 62.1-6.2.6-д” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр хууль хоорондын зөрчил үүссэнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн дээр дурдсан нэр бүхий хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Түүнчлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Банкны хараат болон охин компанид банкнаас оруулсан хувь хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болох, мөн Банк, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банкны төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцтэгэх удирдлага Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан бусад этгээд 2018 оны 13 дугаар сарын 31-ний дотор тус хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж, энэ талаархи тайланг холбогдох баримтын хамт Монголбанкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх” зэрэг зохицуулалт бүхий Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн дээрх хуул, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжсэнээр хууль, тогтоолын төслүүд батлагдлаа.

Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.

Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ.

Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 4800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 3400 гаруй хүн нас баржээ. Өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна хэмээн төсөл санаачлагч хэлсэн.

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм аж.

Тиймээс хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх шаардлага байгааг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 40 ба түүнээс дээш насны, элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40 бас түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа хамруулах, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 ба түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад, үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Хорт хавдраас зайлсхийх гол арга нь урьдчилан сэргийлэх үзлэг гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр энэ асуудлыг журамлаад шийдэх боломжтой гэж үзэж байлаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гээд заасан аж.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.