Өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн мэдээ

1304

Нийслэлийн статистикийн газраас 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд энэ нэгдүгээр сарын 10-нд ажиглалт хийжээ. Ажиглалтаар өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх долоо хоногоос 31 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурч, таван нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
Энэ оны нэгдүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5100 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6475 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 20 төгрөгөөр буурсан байлаа.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Хар Хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөг, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Энэ оны нэгдүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөг, II зэргийнх 819-900 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, I зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2018 оны 1-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.