РОЙТЕРС агентлаг: Монголчууд нүүрсээ үнэ хүргэж чаддаггүй

839

ea940f_coal_x974

“МОНГОЛЧУУД НҮҮРСЭЭ ҮНЭ ХҮРГЭЖ ЗАРЖ ЧАДДАГГҮЙ НЬ ХЯТАДЫН ГАНГИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ТААТАЙ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА”…

Ийм утгатай нийтлэл өнгөрсөн Баасан гарагт Ройтерс агентлагийн цахим хуудсанд гарчээ. Австралийн далайн эргийн боомтуудад коксжих нүүрсний үнэ тонн нь 242.90 ам.доллар хүрч, он гарсаар бүтэн 210%-ийн өсөлт үзүүлсэн. Коксжих нүүрсийг гол түүхий эд болгодог гангийн үйлдвэрүүд дэлхий даяар хүндхэн байхад Хятадын гангийн үйлдвэрүүд энэ үнийн өсөлтөнд ажирсан шинжгүй байна. Учир нь тэд Монголоос маш хямд үнэтэй нүүрс авдаг онцгой давуу талтай гэж нийтлэлд дурджээ. Дэлхий даяар коксжих нүүрс экспортлогчид ашиг, орлогоо нэмэгдүүлж байхад манай улсын төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани уурхайн аман дээрээсээ тонн коксжих нүүрсийг 30 гаруйхан доллараар өгч байгааг гадны сэтгүүлчид анзаарч бичихээс ч яах билээ. Ингээд олон зүйлийг нуршихаас татгалзан, нийтлэлийн гол мэдээллийг тоймлон орчууллаа.

ХЯТАДЫН ДАВУУ ТАЛ: “МОНГОЛ”

БНХАУ-ын гаалийн статистик мэдээгээр, тус улсын коксжих нүүрсний импорт энэ оны эхний 8 сард 37.9 сая тонн хүрчээ.

Австрали бол Хятадын коксжих нүүрсний импортын бараг тал хувийг дангаар нийлүүлдэг том “айл”. Харин дараагийн том нийлүүлэгч нь Монгол юм. Монгол Улс нүүрсээ ганцхан зах зээлд нийлүүлдэг, үнэ хүргэх тал дээр “чадал муу” учраас далайн чанадын орнуудын нүүрснээс хавьгүй хямд үнэтэй байдаг. Энэ нь Хятадын гангийн үйлдвэрүүдэд хямд түүхий эдээр туйлах таатай боломжийг олгож байна.

Тухайлбал, оны эхний 8 сард Монгол Улс 12.78 сая тонн коксжих нүүрсийг Хятадад нийлүүлсэн нь 2015 оны мөн үеийнхээс даруй 51.7%-иар өссөн үзүүлэлт. Гэтэл энэ хугацаанд Австралиас Хятадад нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ ердөө 8.5%-иар өссөн байгаа нь Хятадын гангийн үйлдвэрүүд Монголоос хямд нүүрс авч, зардлаа хэмнэхийг илүүд үзэж байгаагийн тод илрэл.

Хятадын гаалийн байгууллагын 8-р сарын мэдээнээс харахад, Австралийн коксжих нүүрс тонн тутамд 93.92 ам.доллараар үнэлэгдэж байхад далайд гарцгүй Монголын коксжих нүүрс ердөө 34.20 ам.долларын үнэтэй байжээ.

Ерөнхий дүр зургаар нь харвал, Хятадын ган үйлдвэрлэгчид, тэр дундаа Монголтой ойролцоо зүүн хойд бүсэд байрлалтай гангийн үйлдвэрүүд дэлхийн бусад орны гангийн үйлдвэрүүдээс хол хямд үнэтэй түүхий эд ашигладаг онцгой таатай нөхцөлд байна. Өөрөөр хэлвэл, дэлхийн бусад орны гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний үнийн өсөлтөөс болж хямарч байхад Хятадын үйлдвэрүүд Монголын хямд үнэтэй нүүрсний ачаар хямралыг тэгтлээ мэдрэхгүй байна.

Ройтерс агентлаг, Клайд Расселл

2016.10.21

http://www.reuters.com/article/us-column-russell-coking-coal-idUSKCN12L1FO