Шинэ Засгийн газрын сайдуудын хэн хэн бэ?

8140

У.Хүрэлсүхийн толгойлсон засгийн газрыг хэзээ УИХ-аар батлах гэдэг хүлээлт үүсээд байна. Асуудал ерөнхийлөгч дээр очоод гацаж, хэзээ УИХ хуралдах уу, шинэ танхим хэзээ ажилдаа орох уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 18 буюу лхагва гарагт дуусгавар болох юм.

У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа засгийн газар бүтцийн хувьд ямар нэг өөрчлөлт хийхгүй. Харин мэргэжлийн, хариуцлагатай хүмүүст нь салбарыг нь хариуцуулна гэж мэдээлсэн. Ингээд шинээр бүрэлдэх засгийн газарт орж ажиллахаар намаасаа мандатаа аваад байгаа зарим улс төрчдийн тухай танилцуулъя.

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Дамдины Цогтбаатар:

Тэрээр мэргэжлийн дипломатч. Гадаад харилцааны салбарын хүн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилээр төгсч дараа нь Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжил эзэмшсэн. Д.Цогтбаатар 1994 оноос тухайн үеийн Гадаад хэргийн яаманд Ази, Африкийн газарт атташегаар ажиллаж эхэлсэнээс хойш энэ салбарт тасралтгүй 18 жил ажилласан. Тэрээр Англи, Орос, Кхмер, Тай хэлтэй. УИХ-д гадаад харилцаа, бодлоготой холбоотой асуудал дээр хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлж, бодлого тодорхойлогч нэгэн юм.

Д.Цогтбаатар нам дотроо боловсролтой, мэдлэгтэй залуучуудын нэг гэж дүгнэгддэг. УИХ-д гэхээсээ илүү Засгийн газарт төрийн нарийн бичгийн дарга, хоёр ч удаа сайд хийж байсан туршлагатай. Тэрээр Н.Баганбанди, Н.Энхбаярын үед ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх хийж байсан гээд түүний намтар гадаад харилцаатай салшгүй холбоотой юм.

Хууль зүйн сайдад нэр дэвшигч Цэндийн Нямдорж:

Шударга гишүүн гэж олон нийт түүнийг хүлээн авдаг. Тиймдээ ч монголын топ 5 улс төрчийн тоонд олонтаа орж байсан. Өнөөгийн монголын улс төрийн амьд архив ч гэж түүнийг хэлж болно. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан туршлагатай. Хуулийн салбарын цагаан толгой ч гэж түүнийг хочилдог. Тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр төгсч байсан энэ эрхэм 1981- онд Улсын ерөнхий прокурорын газраас ажлын гараагаа эхэлж байжээ. Нэг ёсондоо хуулийн салбарын гол төлөөлөл гэж хэлж болно. УИХ-д хамгийн олон удаа сууж, олон засгийн газрын нүүр үзэж хал үзэж хашир суусан нэгэн.

МАН-аас олон жил парламентад сонгогдсон, сайд хийж байсан цөөхөн улстөрчийн нэг УИХ-ын гишүүн бол Ц.Нямдорж. Мөн Монгол Улсын түүхэнд нэг яамны сайдаар гурвантаа сонгогдсон улстөрч түүнээс өөр байхгүй. Хууль зүйн салбар түүний амьдрал, намтартай салшгүй холбоотой учраас хууль тогтоох, хэрэгжүүлэх асуудал дээр хамгийн чангаар дуугардаг нэгэн.

Сангийн сайдад нэр дэвшигч Чимэдийн Хүрэлбаатар:

ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн энэ эрхэм эдийн засагч мэргэжилтэй. Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтанаас ажлын гараагаа эхэлж байсан бол 2000 -2003 оны хооронд Н.Энхбаярын засгийн газарт Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. МАН-ын урдаа барьдаг цөөн хэдэн мэргэжлийн эдийн засагчдын нэг. Тэрээр засгийн газарт Төрийн нарийн бичгийн дарга, сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг Сангийн сайдын хариуцлагатай ажилд тохирох улс төрч гэж намынхан нь сонгоод байна. Энэ аргаггүй ч юм. Түүний хийж байсан, ард нь гарч, ажлынхаа үр шимийг харж байсан томоохон ажлуудаас нь харж болно. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг Ч.Хүрэлбаатар зохион байгуулсан. Орост төлөх “Их өрийг” тэглэх ажлын хэсгийг ахлаж ажилласан. Мянганы сорилын сангаас Монгол Улсад 270 сая ам.долларын буцалтгүй тусламжийг оруулж ирэх ажлыг зохион байгуулсан гээд монгол улсын эдийн засаг санхүүгийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулж яваа улс төрч юм. Эдийн засгийн хямралаас гарахад төсөв, санхүүгийн хатуу сахилга бат шаардлагатай гэж үздэг энэ эрхэм дараагийн сангийн сайд гэсэн монгол улсын хамгийн өндөр хариуцлагатай албан тушаалд намаасаа мандатаа аваад байна. Улсын төсөв, санхүүгийн ажлын гарын 10 хуруу шигээ мэддэг, салбартаа танигдсан Ч.Хүрэлбаатар УИХ-ын индэр дээрээс төсвийн тухай, үрэлгэн байдлын тухай, сахилга хариуцлагын тухай олонтаа байр сууриа илэрхийлж байсан юм.

Монгол улс ирэх жилын 3 сар гэхэд 660 сая долларын бондын эргэн төлөлт хийнэ. Ажилт хаялт зарлаж, засгийн газартай маргаан үүсгээд байгаа багш, эмч нарын цалин, 2018 оны төсөв батлах гээд сангийн сайдыг асар том ажлууд хүлээж байна.