АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

988

Сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг билээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар Авлига, хээл хахуультай холбоотой болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Улмаар 2017 оны есдүгээр сарын мэдээгээр, мөрдөн шалгасан нийт хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэргээс 13-ийг шүүхэд шилжүүлэх саналтай, зургаан хэргийн хэрэг бүртгэлтийг хаах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тодруулбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэрэг гэх мэт шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргийн заримаас мэдээлэв.

-Н.ЗОЛЖАРГАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА-

АТГ-аас Монголбанктай холбоотой хэрэг, тодруулбал  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болж байсан юм.

-Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР НАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ
САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ-

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн шалгасан. Н.Батбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж чанаргүй зээл олгосон, Б.Гарамгайбаатарыг зам барихын тулд их хэмжээний зээл удаа дараа авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Улмаар Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болсон гэдгээ мэдээлэв.

-“60 ТЭРБУМ”-ЫН АСУУДЛААР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ТОДОРХОЙ
МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН-

Мөн хурлын үеэр 60 тэрбумтай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа яаж явагдсан талаар сэтгүүлчид тодруулсан юм. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням ярихдаа ’60 тэрбумын гэх тодотголтой хэргийг УЕПГ- аас шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт ТЕГ, ЦЕГ болон манай мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хамтран шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хуулийн харьяалах, мөрдөн шалгах ажиллагааны хэсгүүдээр өөр өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд олон шалгалтын ажил хийгдсэн. Улмаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Тус газраас хэргийг хянаад хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодорхой мэдээлэл өгсөн гэж бид ойлгож байна’ гэв.

-ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ОФФШОР ДАНСТАНУУДЫН НЭРИЙГ ЗАРЛАХ БОЛОМЖТОЙ-

Мөн оффшор бүсэд данстай 23 төрийн өндөр албан тушаалтан ббайгаа гэх мэдээлэл олон нийтэд тараад буй. Гэвч АТГ-аас эдгээр албан тушаалтнуудыг зарлахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээс тодруулахад ‘Оффшор бүстэй холбоотой хэргийн мөрдөн шалгах, хэрэг бүртгэлийн ажил яг хийгдэж байгаа. Тийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрөл авсны үндсэн дээр нэрсийг олон нийтэд ил зарлах гэх мэтээр мэдээлэл өгч болно. Гэхдээ оффшор бүстэй холбоотой асуудлаар л өгнө. 2014 онд Олон улсын сэтгүүлчдийн консерциумаас олон нийтэд мэдээлэгдээд ил болсон. Нийт 29 хүн байгаагаас төрийн албан тушаалтай, хамаарал бүхий 23 этгээд бий’ хэмээв.