“Стэнд бай” хөтөлбөрийг дэмжих үү?

601

uchralt-vs

Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сан/ОУВС/-тай хамтарч “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж мэдэхээр байна.

Өнөөгийн нөхцөл байдлыг харвал Монгол Улсын төсвийн алдагдал 4 их наяд төгрөгтэй тэнцэх болсон. Мөн төгрөгийн доллартай харьцах ханш суларч, олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын зэрэглэлийг бууруулаад байна. Ийм үед гадаад зах зээл дээр шууд бонд гаргана гэвэл өндөр өртөгтэй тусна.

Ирэх онд Монгол Улсын төлөх өр 6 их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон. Энэ өрийг бонд гаргаж төлөхөөс аргагүй гэдэг гаргалгааг зарим улстөрч хийж байгаа ч  өрийг бонд гаргаж төлөх бодлого нь улсыг дампууруулах эрсдэлтэй, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь хамгийн зөв гарц гэж үзэх эдийн засагчид бий ч бүх зүйл гадны хараат болно гэж болгоомжлогсод байгаа юм. Энэ асуудлыг хөндөж “VS” буландаа УИХ-ын гишүүн Н.Учрал, С.Эрдэнэ нарын байр суурийг онцоллоо.

Н.УЧРАЛ:

Миний хувьд “Стэнд бай” хөтөлбөрийг цэвэр хариуцлагын тогтолцоо гэж ойлгож байгаа. Нэг ёсондоо төсөвтөө бид маш их сахилга баттай болно л гэсэн үг. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийнхөө менежментийг олон улсын валютын санд шилжүүлж байгаатай л адил.

Манай улс өмнө нь энэ хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаад эдийн засагт маш өндөр үзүүлэлт гарч байсан сайн түүхтэй. Тийм учраас цаг алдалгүй “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засгаа сэргээх шаардлага үүсчихээд байгааг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.

Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг эхлээд эдийн засгийн хямралыг даван туулах, цаашлаад өсөлтийг бий болгох гэсэн хоёр чиглэлд хуваасан. Тэгэхээр улс орноо хямралаас гаргахын тулд бололцоотой гэж үзсэн арга хэмжээгээ авах л хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд шинжээчид ажиллаж, нөхцөл байдлаа багагүй судалсан гэж ойлгосон.

С.ЭРДЭНЭ:

Монголын эдийн засаг “Стэнд бай”-д хамрагдах хэмжээнд хүрчихээгүй.  Эрх баригчдын зүгээс нийгэмд айдас, хүйдэс, дарангуйлал бий болгох гэсэн алхмууд юм.

“Стэнд бай” гэдэг чинь бүх юмыг зогсооно, эдийн засгийн бүх урсгалыг хянана, ямар ч зах зээлгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гадны хүмүүсийн шууд захиргаанд орно. Түүнийг далимдуулж дарангуйлагч босч ирдэг гэмтэй.

Ер нь Монголын ардчиллыг устгах гэсэн гадна, дотнын маш хүчтэй эдийн засгийн бүлэглэл явж байна.

Аливаа улсын үндэсний аюулгүй байдлын гол анхаарах зүйл нь эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах. Аль нэг улсаас шууд хараат эдийн засаг бий болгох нь тусгаар улсад нэг номерийн аюул байдаг.