Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 4.2 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

617

download

Европын Холбооны санхүүжилтээр “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн талаар төслийн багийн ахлагч Гриета Тэнтэрэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ гэлээ. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу? 

-Энэхүү төсөл маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын орчин, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа, ажлын байрны чанарыг сайжруулах зорилготой. Хөтөлбөрийг Европын холбоо, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хулла ба Хьюмен Динамикс консерцум хамтран зохион байгуулж байгаа юм.

Төсөл таван бүрэлдэхүүн хэсэгтэй. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, олон улсын стандартыг хэрэгжүүлэх замаар чанартай хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно.

Мөн МСҮТ-тэй холбоотой үйл ажиллагаа бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чанартай ажиллах хүчнийг бэлтгэн ажил олгогчидтой холбож өгнө. Үүнд урт болон богино хугацааны таамаглалын аргуудыг нэвтрүүлэх зорилго бүхий төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

-Манай улсад дипломтой ажилгүйчүүд их байдаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах уу?

-Хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь манай төслийн чухал хэсэг. Энгийнээр бодоход л өндөр боловсролтой хүн сайхан ажил, өндөр цалинтай байх ёстой. Гэтэл Монголын нөхцөл байдал тийм биш. Төслийн хүрээнд эхний удаа боловсролын агууламж руу чиглэж ажиллана.

Яагаад өндөр боловсролтой хүмүүс ажилтай болж чадахгүй байна вэ гэдэг агуулга дээр нь үнэлгээ хийнэ. Гэхдээ манай төсөл шууд уг асуудал руу орохгүй. Энэхүү асуудалд ажил олгогчид том үүрэгтэй оролцох ёстой. Тухайн ажил олгогчид ямар мэргэжилтэй ажилчин хэрэгтэй байгаа талаарх захиалга, мэдээллээ өгөх хэрэгтэй.

Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцөлтэй байх ёстой. Өндөр боловсролтой хүмүүсийн цалин хөлс хангалттай эсэх, ажлын орчин таатай байгаа эсэх нь чухал. Энэ зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс.

-Иргэд ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл гэхээр бодит зүйлийг хүснэ. Энэ төсөл хэрэгжсэний дараа ажлын байр хэчнээн хувиар нэмэгдэх вэ. Урьдчилсан төлөвлөгөө бий юу?

 -Манай төсөл ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Нэн түрүүнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль эрхзүйг хэрэгжүүлэхэд үндэсний болон орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд үнэлгээ хийнэ.

Хийсэн үнэлгээн дээрээ үндэслэн хөдөлмөрийн байгууллагуудын дутагдалтай байгаа чиглэлээр чадавхыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүссэн ажлын байрандаа ажиллах боломжтой болно. Түүнчлэн ажлын байрны таатай орчин нэмэгдэх эерэг үр дүнтэй.

-Хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа вэ? 

-Нийт 4.2 сая еврогийн хөрөнгө оруулалттай. Европын холбооноос санхүүжүүлж байгаа. Уг төсөл маань дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм.

-Ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл Монголын хөрсөнд хэр бууна гэж харж байгаа вэ? 

-Бүх улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбоотой төсөл хэрэгждэг. Энд Монгол улсад гээд тусгайлсан зүйл байхгүй. Мэдээж хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбоотой дэмжлэг үзүүлэх учраас Монгол Улсын онцлогт таарсан, захиалагч талын тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж ажиллана. Тэгэхээр үр дүнтэй байх болно.

-Манай улсын хөдөлмөрийн бодлого болон одоогийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? 

-Монголын өнөөгийн нөхцөл байдал бусад улсад ч ялгаагүй. Цалин хөлсний асуудал, ажлын нөхцөл байдал, мэргэжил, хөдөлмөрийн эрхлэлт нь зах зээлийн хэрэгцээнээсээ давсан байх гэх мэтчилэн бусад улс оронд байдаг асуудлууд Монголд байна.

Гол нь харьяа яам ямар хариу барих вэ гэдэг чухал. Мөн Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн төвшин 62 хувьтай байна. Харин Европын зорилт 75 хувьтай байгаа.

Энэ хоёрын хооронд хийх ажил маш их. Ялангуяа хүйсийн тэгш харьцааг хангах, эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд оруулж ажлын байраар хангах зэрэг асуудал бий. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийн бодлогоосоо эхлэх нь зүйн хэрэг.