БНСУ анх удаа эмэгтэй гадаад хэргийн сайдтай болов

463

Ням гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин НҮБ-д Бодлогын зөвлөхийн алба хашиж байсан Кан Гён Хуаг Гадаад хэргийн сайдаар томиллоо. Ийнхүү Кан Гён Хуа БНСУ-ын түүхэнд анхны эмэгтэй Гадаад хэргийн сайд болж байгаа юм. Кан Гён Хуа даваа гарагт тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авна. Зургаадугаар сарын долооны өдөр болсон Парламентын сонсголын дараа сөрөг хүчний нам түүнийг дээрх албан тушаалд томилох асуудлыг эсэргүүцэж, хойшлуулсаар байсан юм.

Хэдийгээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байсан боловч БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин сар орчмын дараа Засгийн газрын голлох албан тушаалд туршлагатай улс төрчийг томилж чадлаа. Тус улсын анхны эмэгтэй Гадаад хэргийн сайд хамгийн түрүүнд энэ сарын сүүлээр болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНСУ-ын Төрийн тэргүүн Мун Жэ Ин нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах юм. Мун Жэ Ин ажлаа хүлээн авснаас хойших анхны гадаад албан айлчлалаа зургаадугаар сарын эцсээр Вашингтонд хийх товтой байна.

Эх сурвалж: BloombergTV MN