Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна

381

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстойг онцлов.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөд хөршид албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд зам тээврийн салбарт цаашид ямар хамтын ажиллагаа өрнөх вэ?
-Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах асуудлыг нэг шат ахиулсан. “Эдийн засгийн коридор” хүрээнд зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэх, хамтарч хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхийг хүссэн. Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг ч ярьсан.

Агаарын хоёр шинэ хаалга нээх хүсэлтийг урд хөршид тавьсан

Үүнээс мөн Азийн авто замын сүлжээнд холбогдсон AH3 буюу “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замыг шинэчлэх асуудлыг хөндөж, улмаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Тэрчлэн агаарын тээврийн навигацийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд агаарын хоёр шинэ хаалгыг нээх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Сүхбаатар болон Говь-Алтай аймагтай хиллэж байгаа Хятадын бүс нутагт энэхүү хоёр хаалгыг нээнэ. Нэг нь Хятадын талынх, нөгөө нь манай улсын хүсэлт байгаа. Хятадын талын хүсэлтийг нааштайгаар шийдэх боломжтой гэдэг хариугаа Монгол Улс өгсөн. Харин урд хөрш хариугаа өгөөгүй байгаа.

-Зам, тээврийн хөгжлийн яам энэ онд дэд бүтцийн ямар томоохон төсөл эхлүүлэх вэ?
-Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. “Эдийн засгийн коридор” байгуулах ажлын томоохон бүтээн байгуулалтын нэг бол Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр зам. Улмаар энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замыг шинэчлэх ажил үлдэж байгаа.

Энэхүү ажлыг дуусгаснаар зүүн чиглэлийн коридор битүүрч, өөрийн орны уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, цаашлаад Орос, Хятадын хооронд тээвэрлэж байгаа ачаа тээврийн тодорхой хувийг Монголоор дамжин өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Дараагийн эхлүүлэх бүтээн байгуулалтын ажил бол Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн авто замын шинэчлэл. Энэхүү замыг дөрвөн эгнээтэй, хоёр урсгалтай нэгдүгээр зэргийн зам болгоно. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургадугаар сарын 18-нд эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохиролцсон. Үүнээс гадна Тавантолгойн төмөр замын ажлыг урагшлуулах асуудлыг Хятадын талтай тохиролцлоо.

Хятадын тал Тавантолгойн төмөр замын ажлыг цогцоор хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Үүнтэй зэрэгцэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын бетонон хучилттай авто зам барих ажлыг энэ хавар эхлүүлнэ. Ингэснээр жилдээ төмөр замаар 30 сая, авто замаар 20 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

-Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт татах ямар нөхцөл боломж байна вэ?
-Эдийн засгаа эрүүлжүүлэх үүднээс авч хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны эерэг талууд гарч байна. Ялангуяа, гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголыг чиглэж байна. Олон төсөл, хөтөлбөр дээр хамтарч ажиллах хүсэлт ирж байна. Тухайлбал, Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлыг концессоор хэрэгжүүлэхээр болсон. Дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй.

  • Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
  • Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй, хоёр урсгалтай нэгдүгээр зэргийн зам болгоно.
  • Жилдээ төмөр замаар 30 сая, авто замаар 20 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ.

Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой.

-Зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдэд дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог хэрхэн хангаж байгаа вэ?
-Хувийн хэвшлийг бодлогын хүрээнд дэмжиж, ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Хувийн хэвшлийнхэн ч хөрөнгө мөнгөөр бус, бодлогоор дэмжих хүсэлтийг тавьж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн яам бодлогоор дэмжиж байгаа. Тухайлбал, АН2 онгоцыг 1970-аад оны үед иргэний агаарын тээврийн салбарт түлхүү ашиглаж байсан. Үүнийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгах, гал түймэр унтраах болон эмнэлгийн түргэн тусламж хүргэхэд ашиглахаар Оросын талтай яриа хэлэлцээр хийсэн. Зам, тээврийн яамны туршилтаар нэг онгоц өнөө маргаашгүй Монголд ирнэ. 18 аймгийн 70 гаруй суманд туршилтын нислэг үйлдэнэ. Хэрэв туршилтын үр дүн эерэг гарвал онгоцыг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Энэ ажлыг Оросын тал дэмжсэн.

Мөн хувийн хэвшлийнхэн эко автобус, автомашин үйлдвэрлэж байна. Тиймээс ирэх онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд үйлчлэх такси үйлдвэрлэх үүргийг өгсөн. Үүнээс гадна хаягдал бүтээгдэхүүн ашиглаж, замын хажуугийн шон үйлдвэрлэж байгаа. Үүнийг төр бодлогоор дэмжиж ажиллана.

Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ