Хууль дүрэм үйлчилдэггүй нөхдөд төрийн төмөр нүүрийг үзүүл Д.Оюунхорол сайд аа

342

Монголчууд өвөл, зуны аль ч улиралд уулын аялалд гарах сонирхолтой болсон. Богд ууланд долоо хоногт дунджаар 10 мянган хүн зорчиж байна гэсэн судалгаа гарчээ. Харамсалтай нь аялагчдад зориулсан аялллын маршрут, автомашины зогсоол, бие засах газар байхгүй. Богд уул бол тусгай хамгаалалттай бүс.
Явган аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед тав тухтай аялах орчин бүрдүүлэх хэрэгцэа шаардлага бий болсон. Нөгөө талаас байгаль орчныг бохирдуулах, хог хаягдал хуримтлагдах сөрөг  нөхцөл бүрдэнэ. Иргэд ч нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Богд уулын дагуух газарт нийтийн эзэмшлийн зам талбай, авто машины зогсоолтой болгож өгөөч гэх санал тавьдаг юм байна.
Энэ бүхнийг харгалзан үзэж, иргэдийн саналд санаачилгын үндсэн дээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан ууланд авто машины зогсоол, боловсон ариун цэврийн газраас эхлээд хогийн цэг байгуулах ажлыг санаачлан, Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлээд байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран санхүүжилтийнх нь асуудлыг ч хэдийнэ шийдүүлчихсэн аж.
Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаас “Энигма” компанийн Богд ууланд эзэмшиж байгаа 42 га газраас 3 га газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргажээ. Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “3 га газарт 500 авто машины зогсоол байгуулж иргэдийн ая тухтай алхах боломжийг олгоно. Мөн 20 ширхэг 00, хогийн сав байрлуулж, орчны тохижилт хийх юм.
Нийслэлийн Засаг даргад Засгийн газраас үүрэг өгсний дагуу баяр наадмаас өмнө энэхүү ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн” гэх мэдээллийг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ өгсөн. Гэтэл автомашины зогсоол байгуулна гэх сургаар тус газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ашиглах эрх авсан “Энигма” компанийнхан сургууль барих нэрийдлээр нээлт хийж, мод тарих ажлыг хийж эхлэв.
БОАЖ-ын сайдын тушаалыг үл хүндэтгэж, цаашлаад Ерөнхий сайдыг хэн ч биш мэтээр үзэж байгаа тусгай хамгаалалттай газар нутагт бүхэл бүтэн 42 га газар ашиглах эрх авчихсан “Энигма” гэх компанид ямар эрх дарх үйлчлээд байна вэ. Бидэнд олдсон мэдээллээр н.Мөнхбат захиралтай “Энигма” компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай бөгөөд дээр дурьдагдаад байгаа газарт “Чингисийн хүрээ” жуулчны баазыг ажлуулахаас гадна Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ыг эрхлэх үйл ажиллагаа явуулдаг аж.
Ямарсайндаа л 42 га газрынх нь 3 гагын тусгай зөвшөөрлийг цуцалж, нийтийн эрх ашгийн төлөө авто зогсоол, ариун цэврийн байгууламж, хогийн цэг барина гэх сургаар сургуулийнхаа оюутнуудыг аваачин шоудаж байхав. Тус компани 2004 оноос хойш Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийтдээ 42 га газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ.
Бүр сүүлийн хоёр жил газар ашигласны төлбөрөө төлөөгүй байна. Хуулиараа улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд 1 жилд 1 га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой. Ингэж тооцвол “Энигма” ХХК-ийнхан тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй гэсэн үг.
Тэгэхээр Д.Оюунхорол сайд аа, нийтийн эрх ашгийн төлөө хийж буй энэхүү үйлдлээ нэгхэн хүний эрх ашгаар бүү хязгаарлаарай, иргэд таныг дэмжиж байна. Хууль дүрэм үйлчилдэггүй энэ мэт нөхдөд төрийн төмөр нүүрийг харуулж, 3 га бүү хэл 42 га газрынх нь тусгай зөвшөөрлийг цуцал. Ямар том артай болохоороо нийтийн эрх ашгийн төлөөх Ерөнхий сайд, БОАЖ-ын сайдын тушаалыг ч үл харгалзан том толгойлж явааг нь ил болгочихвол ард түмэн танд талархаад барахгүй шүү.

Эх сурвалж: www.info.mn