Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

837

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн Үзэл баримтлал, танилцуулга, тооцоо судалгаа зэргийг бүхэлд нь уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгажээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Төсөлд, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалт нэмэх, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нэмэх саналууд олонхийн дэмжлэг авсан.

Нийт зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталлаа. Уг хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.