МИАТ гурав дахь ‘Боинг’-оо хүлээн авлаа

562

‘МИАТ’ компани Oман улсын ‘Oman Air S.A.O.C’ компаниас түрээсэлж буй “Боинг 737-700” загварын агаарын хөлөг өнгөрсөн шөнө 02.30 цагт Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани хоёр жилийн хугацаанд түрээслэн ашиглах юм.

МИАТ компани 2013, 2014 онд АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Харин ‘Oman Air S.A.O.C’ компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна.

2017 онд нислэгийн чиглэлээ хоёр шинэ чиглэлээр нэмэгдүүлхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт хоёр удаа шууд нислэг хийнэ. Удаах нь арваннэгдүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа аж.

Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд ‘Боинг 737 Макс 8’ загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд ‘МИАТ’ компани түрээсээр ашиглах гэрээ байгуулсан гэж МИАТ компаниас мэдээллээ.