ОУВС-аас төсвийн тодотголыг нягтлахыг зөвлөжээ

636

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргажээ. Учир нь Төсвийн тодотголыг дагалдуулж, “Оюутолгойн” шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох агуулгатай тогтоолын төслийг баталсан юм.

Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргасны дагуу ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгчээ.

Үүний дагуу хуульчид ажиллаж байгаа юм байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-ОУВС-тай хийх хэлэлцээр ямар шатандаа явна вэ. Сүүлийн үед хэлэлцээр гацаанд орсон гэдэг зүйл их яригдаж байна?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах асуудал хэвээр үргэлжилж байна. Би сая ОУВС-ийн хаврын уулзалтад ороод ирлээ. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ сарын 28-ны өдөр ОУВС-ийн захирлуудын хурлаар орно. Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас ОУВС-ийн захирлуудын хурлаар шийдэгдэнэ гэж бодож байна.

-“Рио Тинто” ХХК компанийг ОУВС-нд гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бага зэргийн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй байх аа.

-“Рио Тинто” ХХК Төсвийн тодотголд тусгасан хөрөнгө оруулагчтай холбоотой заалтыг шүүмжилж, ОУВС-нд гомдол гаргасан. ОУВС-аас төсвийн тодотголыг эргэж харах зөвлөмж өгсний дагуу Сангийн сайд энэ заалтыг засахаар Монголд ирээд байна гэсэн. Хөрөнгө оруулагчтай холбоотой заалтыг засах юм уу?

-Төсвийн тодотголыг дагаж орсон УИХ-ын тогтоол байгаа. Тэр тогтоолд УИХ-ын гишүүдээс энэ заалт Хөрөнгө оруулалтын хууль болон бусад хуультай зөрчилдөж байгаа эсэхийг судлах санал гаргасан. Үүний дагуу Сангийн яамны хуульчид нягталж байна.

-Тэгэхээр Төсвийн тодотголыг эргэж засах шаардлага үүсч байна гэсэн үг үү?

-Эцсийн дүгнэлт гараагүй байна. Тэр тогтоолын төсөл хөрөнгө оруулагчдад халтай байж болох эсэхийг хуульчид судалж байна.